Булган аймгийн цагдаагийн дарга болон холбогдох албан тушаалтнууд удаа дараа хууль бус үйлдэл гаргаж, алба хаагчдын цалинг үндэслэлгүй хасаж, дарамталдаг хэргийн талаар тус аймгийн цагдаагийн ахмад О.Цэлмэг шүгэл үлээсэн. Бид тухайн алба хаагчтай цахимаар шууд холбогдон дараах мэдээллийг авсан юм.
Цагдаагийн ахмад О.Цэлмэг: "Миний бие цагдаагийн ахмад цолтой Улаанбаатар хотоос Булганы цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирээд 11 сар болж байгаа. Энэ байгууллага нь шудрагаар үгээ хэлсэн хүнд халтай, адлах дуртай, хавчиж шахах тал дээр маш сайн. Цагдаагийн газрын дарга нар болох газрын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар, дэд дарга дэд хурандаа Б.Баттулга, Захиргааны тасгийн дарга, дэд хурандаа Б.Өнөрбат, Замын тасгийн дарга, дэд хурандаа Д.Мягмаржав нар үг хэлсэн алба хаагчийг гадуурхаж, тал зассан алба хаагчийг сайн гэж дүгнэдэг. Үндэслэлгүйгээр цалин хасдаг.
Гэтэл албаны шалгалт хийж байгаа дэд хурандаа Ж.Батдорж нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Сайхан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээдтэй хамсаатан байж болзошгүй мөн хулгайлагдсан малыг тээвэрлэсэн автомашины жолоочийг хаацайлж өмөөрсөн гэх асуудал Булган даяараа яригдаж байгаа. Энэ асуудлыг Сайхан сумын иргэд, Булганы цагдаагийн алба хаагч нар бүгд л мэдэж байгаа. Гэмт хэрэгт холбогдсон дарга хүн албаны шалгалт явуулаад Төрд ажиллах нь зөв үү гэдэг асуудал яригдах нь зүйтэй гэж үзэж байна.
Би нялх хүүхэдтэй, гэр бүлээрээ хөдөө орон нутагт ажиллаж амьдрахаар ирсэн юм. Энэ мэт ялзарсан асуудал бол хаа сайгүй байгаа. Над шиг шинэ залуу алба хаагчид ийм зүйлээс болж дотогшоо нулимс унагаад хэлж ч чадахгүй яваа гэдэгт санаа зовж байна. Цагдаагийн байгууллагын дарга нар хүнлэг байж боловсрол мэдлэгтэй, алба хаагчдаа боддог байгаасай. Хөрсөн дээрээ буугаагүй том дарга нар алба хаагчдын амьдралыг яаж ойлгох вэ дээ. Намын захиалгаар дарга томилдгоо ч болих хэрэгтэй" гэсэн юм.
Д.Манлайбаатар: Булган аймгийн цагдаагийн ахмад О.Цэлмэг цагдаа, алба хаагчдын ашиг сонирхлын зөрчил гэмт хэрэг үйлдсэн эсэх, эрх зөрчигдөж буй эсэх талаарх утсанд долоодугаар сарын 4-нд гомдол гаргасан. Гомдол мэдээллийн дагуу ажлын хэсэг томилон биечлэн ажиллуулахад зарим мэдээлэл нь үнэн байсан. Иймээс тус аймгийн цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөлж, зарим эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож, албан тушаал бууруулсан.
Мөн түүнчлэн албан хаагч О.Цэлмэгийг албан үүргээ хэрэгжүүлэхдээ ямар эрх хэмжээ эдэлсэн гэдгийг шалгахаас гадна төрийн тусгай албан хаагч нийтэд мэдээллэх, мэдээллэхгүй зүйл гэж байгаа. Түүнийг зөрчсөн эсэх дээр шалгалт явуулж байна.