Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төрийн нам
2023.08.30 11:59
5444
ХҮН: Сурагчдын дүрэмт хувцсыг шинэчилж, сонголттой болгох шаардлагатай

Сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

ХҮН намын Удирдах Зөвлөлийн гишүүн Ц.Алтансор: "Дүрэмт хувцас гэдэг нь хүүхдүүдийг жигдрүүлэх, ямар нэгэн хувцсаар бие биеэ ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш шударга гэдэг зарчим, сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах үндсэн зорилготой.

Гэтэл 10 жилийн өмнө хийгдсэн энэ дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжил, нөгөө талаасаа эдийн засгийн хувьд үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг асуудал олон нийтийн дунд сөхөгдөөд байна.

Хүүхдүүдийн дүрэмт хувцасны хувьд биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй, хөлс болон чийг гадагшлуулах шаардлагатай. Гэтэл энэ хувцас биеийн хөдөлгөөнд саад учирдаг, хөлс чийг гадагшилдаггүй, маш үнэтэй буюу дунджаар 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Дөрвөн хүүхэдтэй өрх гэхэд сая гаруй төгрөгөөр хувцас худалдаж авах санхүүгийн дарамттай бас тулгарч байна. Дээрээс нь ганцхан ээлжийн дүрэмт хувцсыг байнга угааж цэвэрлэж өмсөх гэх мэт асуудал тулгарч байна.

Судалгаагаар эрэгтэй сурагчдын биеийн өндрөөс хамаарч 15, эмэгтэй хүүхдийн хувьд 12 ангилал байдаг. Олон улсад 5-10 жил тутамд судалгаа явуулж, дүрэмт хувцасыг шинэчилдэг.

Жишээлбэл Англи, Финланд, Америк гээд хөгжингүй улс орнуудад ямар нэгэн логогүй, өнгө л зааж өгөөд гэр бүлийнх нь эдийн засгийн боломжоос хамаараад худалдаж авах боломжийг олгодог. Иймээс дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнийг 2000 гаруй иргэд дэмжиж байгаа тул холбогдох албаныханд бид уламжилахаар ажиллаж байна. Ерөнхийдөө сонголттой болго л гэж байгаа юм" гэлээ.