"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн орон даяар амжилттай өрнөж, орон нутаг, нийслэлийн удирдлагууд дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд НЗДТГ-аас "Алтан намар-2023" үзэсгэлэн худалдааг 31 байршилд зохион байгуулах захирамж гарсан. Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдааны үйл явцтай танилцаж, ногоочдын санал хүсэлтийг сонслоо.
Нийт 28 павилонд Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид, ногоочдын тариалсан төрөл бүрийн хүнсний ногоог худалдаалж байгаа бөгөөд 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус үзэсгэлэн худалдааг Ялалтын талбай руу шилжүүлэх юм.
"Хүнсний хувьсгал" өрнөж эхэлснээр ногоочдод олон боломж бий болж, асуудлуудыг нь үе шаттай шийдвэрлэж эхэлсэнд баяртай байгаагаа "Алтан намар-2023" үзэсгэлэн худалдаанд оролцогчдын төлөөллүүд хэлж байв.
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд УИХ-аас36-р тогтоол батлагдан гарсан. Тус тогтоолын хүрээнд тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган гектар хүртэл атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, эргэлтийн талбайг 1.1 сая гектарт хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5000 гектараар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах; ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгуурлан улсын хэмжээнд улаан буудайн 4, тэжээлийн 2, хүнсний ногооны 5, төмсний 4, нийт 15 үрийн аж ахуйг байгуулах, сорт сорилтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, "Монгол Улсад газар тариалан эрхлэх систем" технологийн баримт бичгийг мөрдлөг болгож, хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой ээлжлэн тариалалт бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техник, технологийн шинэчлэл хийх тухай тусгажээ. Иймд жил ирэх тусам ногоочид, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн үйл ажиллагаа цар хүрээгээ тэлэх боломжтой юм.