Нийгэм
2023.08.31 16:39
5949
Ж.Цолмон: Эрүүл мэндийн боловсролыг сургалтын хөтөлбөрөөс хасах нь бүү хэл анги ахих тусам агуулгыг нь улам нарийвчилж өгөх хэрэгтэй

Олон нийтийн дунд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээл хасагдсан тухай яриа дэгдэж, нэг хэсэг шуугиулсан. Гэтэл саяханаас эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс мөн хассан. Ер нь эрүүл мэндийн хичээл ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт зайлшгүй байх шаардлагатай юу? Бид энэ талаар АШУ-ы доктор, профессор Ж.Цолмонгоос тодруулсан юм.

Та саяханы нэгэн нийтлэлдээ “Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол бол эдийн засагт оруулах хувь том нэмэр” гэсэн сэдвийг хөндсөн байсан. Эрүүл мэндийн салбарын хүний хувьд эрүүл мэндийн боловсрол бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгцээ шаардлагатай зүйл мөн үү гэдэг дээр байр сууриа илэрхийлээч?

 Мөн гэж хариулах байна. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэж ярьдаг. Их зохиолч, дорнын их яруу найрагч Д. Нацагдорж:

Жаргалан, жаргалан жаргалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний доторх нэгэн жаргалан

Эрүүл мэндийн чухам жаргалан гэж шүлэглэсэн байдаг.

Би сургуульд байхдаа огторгуйн огтлолцол гээд тоо боддог байдаг байсан, Тэр лав миний амьдрал хэзээ ч хэрэг болж байгаагүй. Харин эрүүл мэндийн боловсролыг хүүхэд бүрт багаас нь сайн олгож чадвал насан туршдаа өдөр  бүр үр дүнг нь хүртэж байх болно.

Өнөөгийн нийгэм хүндээ ээлгүй байгаа нь нийгмийг бүрдүүлж буй хувь хүний хүмүүжил, боловсрол, ёс зүйн байдал доройтож байгаатай холбоотой.  Эрүүл мэндийн боловсрол, эзэмшсэн дадал, туршлага нь хүний нийгэмд эзлэх байр суурийг үнэ цэнтэй болгож, ирээдүйн сайн сайханд хүргэдэг. Хамгийн гол нь сэтгэцийн эрүүл мэнд сайн байснаар амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлж, стресст орохгүй байхын тулд өөрийгөө удирдан залж, амьдралаас сэтгэл ханамж авч чаддаг. Мөн нийгэмдээ идэвхтэй, хэрэгтэй хүн байх боломжийг бий болгоход чухал ач холбогдолтой.

Тиймээс багаас нь эрүүл мэндийн боловсролыг нийтэд олгох нь манай засгийн газрын нэн тэргүүний үүрэг юм.

Эрүүл мэндийн боловсролыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулж заах ёстой байх, тийм үү?

-2012 онд Шинэчлэлийн Засгийн газар “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг боловсруулан гаргахдаа хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг чухалчилсан.

Өнөөдөр монгол хүүхдүүд эрүүл байна уу гэж үзэхээр эрсдэлт зан үйл ихтэй, өсвөр насныхны архидалт, мансуурал газар авсан, мөн өсвөр насны охид хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, халдварт өвчинд өртөх явдал түгээмэл байгааг судалгаанууд харуулдаг.

Биологийн хичээл дээр хүний биеийн бүтэц, бодис, бэлэг эрхтэний тогтолцоо, үр тогтолт гэх мэт чухал сэдвүүдийг суралцахуйн удирдамжид тусгаж өгсөн байдаг ч биеийн тамир болон дасгал хөдөлгөөн хичээлийн агуулгад хувцас, орчны эрүүл ахуй, зөв зохистой хооллолт, мөн гимнастикийн эрүүл мэнд, спорт хувцасны эрүүл ахуй, таргалалт гэх мэт агуулгыг тусгах ёстой. Түүнчлэн анхны тусламж, өөрийн эрүүл мэнддээ анхаарах, галбираа зохицуулах гэх мэт анги ахих тусам сэдвүүдийг улам нарийвчлан тусгаж өгөх шаардлагатай. 

Та сая хэлэхдээ, анги ахих тусам улам нарийвчлан заах хөтөлбөрийг тусгаж өгөх тухай ярьлаа. Тэгэхээр эрүүл мэндийн сургалтыг хүний оюуны болон биологийн хөгжлийн үе шатуудтай уялдуулан заах ёстой гэж ойлгож болох уу?

 Хүний хөгжлийг ерөнхийлөн дараах дөрвөн үе шатаар авч үздэг. Үүнд:

0-6 нас ээжийн хамаарал – энэ үед нялх, балчир учир түүнд эхийн цагаан сүү хэрэгтэй, эхийн ялдам эхрийлэл, зөөлөн уянгалаг дуу хоолой хэрэгтэй байдаг үе.

7-14 насны хүүхэд аавын хамааралд очдог. Гэрт нь ээжээс өөр нэг хүн байгааг анзаарч эхэлдэг үе. Баргил дуу хоолойтой, бие бялдар нь хатуу булчинлаг, хүчтэй, өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн эр зоригийг хурцлахад оролцоотой байх тэр хүн буюу аав нь

15-18 насны хүүхдийг хожуу өсвөр үе гэж ангилдаг. Ээж хүн, эмэгтэй хүн, аав хүн, эрэгтэй хүн гэж хэн бэ гэдгийг мэдэрч, тэднээс сурч өссөн хүүхэд одоо нийгмийн хамаарлын үе уруу шилжиж байна. Энэ үедээ гэртээ байх нь багасна, анги, хамт олон, найз нөхөд төвтэй болж, нийгэмтэй танилцах үе уруу ордог.

19-21 насыг соёлын хамаарлын үе гэж ангилдаг бөгөөд энэ үедээ төрөл бүрийн соёлтой танилцдаг. Хэн нэгний фэн болох, дуурайх хандлага өндөр болж эхэлдэг гэсэн үг. Ингээд бие хүн буюу бие махбодь, физилоги, сэтгэл зүйн хувьд бие даасан насанд хүрсэн хүн болдог. Учир нь тэд эмэгтэй хүн ямар байдгийг, эрэгтэй хүн ямар байдгийг, нийгмийн хамаарал ямар байдгийг, соёл гэж юу байдгийг мэдэрч, ойлгож, хүлээн авсан.

Ингэж нас, сэтгэлзүй, сонирхол, бие махбодын хөгжил зэргийг дээрхийн адил хуваан ангилж авч үзээд, түүн дээрээ тулгуурлан эрүүл мэндийн боловсролыг сэтгэлзүйн шинжлэх ухаантай уялдуулан, аль үед нь хэрхэн үр өгөөжтэй зааж сургах тухай ярих нь зүйтэй.

Ярилцсанд баярлалаа.