1992 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улс Ватикантай албан ёсны дипломат харилцаа тогтоосон билээ. Гэхдээ Монголын эзэнт гүрний их хаад Ромын Ватикантай XIII зууны үеэс харилцаатай байсан түүхэн уламжлалтай.
XIII зуунд Ромын Пап IV Инносентийн захидлыг Монголын их хаанд хүргэхээр илгээгдсэн элч Плано Карпини нь Францын Лион хотоос 1245 оны дөрөвдүгээр сарын 16-нд гарч, дорно зүгийг зорин элдэв саад бэрхшээлийг даван туулж явсаар жилийн дараа Каспийн тэнгисийн ойролцоо орших Бат ханы ордонд иржээ.
Плано Карпини Бат ханд Ромын Папын захидлыг гардуулах гэхэд тэрбээр Хархорумд удахгүй Их хаан өргөмжлөгдөх гэж байгаа тул түүнд захидлыг барих нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Тэрбээр тийм хол газар явж чадахгүй хэмээн бэрхшээл тоочсон ч Бат ханы ятгалгаар шинээр өргөмжлөгдөх гэж буй их хаанд Папын захидлыг өргөн барихаар Монголын Эзэнт улсын нийслэл Хархорумыг зорин хөдөлсөн байна.
Плано Карпини Бат хааны өргөөнөөс1246 оны дөрөвдүгээр сарын 8-нд гарч 1246 оны зургаадугаар сарын 16 хүртэл өмнөхөөс бараг хоёр дахин их замыг хоёрхон сарын хугацаанд туулж, морин өртөөгөөр гайхамшигтай хурдтай явсан тухайгаа "Монголчуудын түүх" хэмээх аяллын тэмдэглэлдээ бичсэн байдаг.
Өөрийн эрхшээл нөлөөг өрнө зүгт тэлж байсан Монголын эрх баригчдын үйл ажиллагаа нь, Европ, улмаар дорно зүг рүү нөлөөгөө тэлж байсан Ромын Папын тэргүүлсэн католик шашны эрх ашигтай зөрчилдөх болов. Эрдэмтэн судлаачид "Папын дэлхийг үзэл санааны хувьд нэгтгэх гэсэн үзэл нь монгол хаадын дэлхийг нэгтгэхтэй сөргөлдсөн” гэж үзсэн юм.
Тухайн үеийн дэлхийн хөгжлийг тодорхойлогч улс төр, шашны хоёр их хүчин өөрийн эрхшээл нөлөөг тогтоохын төлөө улс төрийн, дипломат харилцааны, шашны гээд бүхий л хэлбэрээр өрсөлдөх болов. Тиймээс Ромын Пап алс холын тал нутаг руу элч илгээж, Монголын Их хаадад захидал бичиг илгээж байсан ба тэд ч зохих хариуг нь өгч байжээ.
Ромын Пап IV Иннокентийн захидлын хариу болгож Монголын Гүюг хааны 1246 оны арваннэгдүгээр сарын 3-11-нд бичиж илгээсэн захидал өдгөө Ватиканы нууц архивт хадгалагдаж байгаа юм. Перс хэлээр бичүүлсэн энэ захидлыг Францын нэрт эрдэмтэн Поль Пеллио орчуулж "Монголчууд, Папын улс" хэмээх бүтээлдээ нийтлүүлснийг доктор, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Төмөрхүлэг монгол хэлнээ орчуулж "Франц болон бусад гадаад хэлээрх Монголын түүхийн холбогдолтой баримт бичгийн эмхэтгэл" хэмээх номдоо хэвлүүлсэн байдаг.
Энэ захидлын хуулбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч нар Ватиканд айлчилсан үед хуулбарлаж өгсөн бөгөөд Монгол Улсын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музейд хадгалагдаж байна.
Ж.ЦОЛМОН
АШУ-ы доктор, профессор