Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.04 14:17
10418
Дэлхийн JCI байгууллагын залуус Улаанбаатар хотод чуулж байна

Улаанбаатар хотод JCI Candidate Training буюу олон улсын нэр дэвшигчдийн сургалт үргэлжилж байна. Энэ сарын 1-4 хүртэл зохион байгуулж буй энэхүү  уулзалтад Ази Номхон Далайн бүсийн 70 орчим манлайлагч залуус болон JCI байгууллагын Удирдах түвшний нэр бүхий хүмүүс нэгэн дор чуулж буй. Тэр дундаас JCI байгууллагын Зөвлөхүүдийн танхим, 2024 оны Удирдах зөвлөлийн албан тушаалд нэр дэвшигчид, Дэлхийн JCI байгууллагын  Ерөнхийлөгч нар  оролцож буйгаараа онцлог.

Олон улсын нэр дэвшигчдийн сургалт уулзалт  Ibis зочид буудлын хүлээн авалтын танхимд болж,  JCI байгууллагын Зөвлөхүүд, үе үеийн Ерөнхийлөгч нар, ирэх онд Дэлхийн албан тушаалд зургаан нэр дэвшигч хүрэлцэн ирсэн юм.

Энэхүү сургалт, бизнес уулзалтаар 2025 онд Монгол Улсад зохион байгуулах JCI Ази, Номхон Далайн Бүсийн Чуулган буюу ASPAC арга хэмжээг угтаж бэлтгэл ажлаа танилцуулж байгаа нь энэ юм байна.

Зохион байгуулалтыг JCI Монгол байгууллагын залуус гардаж буй.

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЧУУЛГАНЫГ УГТСАН СУРГАЛТ БОЛ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

JCI Монгол байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга О.НАРАНБААТАР:

-JCI байгууллага нь дөрвөн хэсэгт хуваагдаж үйл ажиллагаа явуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. JCI Монгол байгууллагын хувьд Ази Номхон бүсэд харьяалагддаг. Манай бүсэд  Австрали, Шинэ Зеланд, Япон, Солонгос зэрэг   20 улс багтдаг. Ази Номхон далайн бүс нь маш онцлог. JCI байгууллагын 200 мянга орчим гишүүний 110 мянга нь энэ бүсэд харъяалагддаг учраас хамгийн нөлөө бүхий бүсэд тооцогдож байдаг. Энэхүү бүсийн чуулган ирэх жилүүдийн хуралдаан хийх, удирдлагуудыг сонгох зарчим нь тухайн бүс нутгийн чуулганаар хэлэлцэж шийдэгддэг. Энэ жил JCI Ази, Номхон Далайн Бүсийн Чуулган   Индонез улсын Чакарта хотод болсон. Тус чуулганд JCI Монгол байгууллага  2025 онд бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулах эрхийг авсан. Мөн Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ арга хэмжээг дэмжинэ гэдгээ илэрхийлж Чакарта хотод биечлэн очсон нь олзуурхууштай.

2025 онд  JCI Ази, Номхон Далайн Бүсийн Чуулган арга хэмжээний  бэлтгэл ажлыг шалгах, арга хэмжээг зохион байгуулах газартай танилцах, зохион байгуулалтын чадамжийг шалгах зорилгоор хоёр жилийн өмнөөс Ази, Номхон далайн сонгогдох дэлхийн тэргүүн дэд ерөнхийлөгч, дэлхийн ерөнхийлөгч нарын сургалт уулзалтыг тухайн улсад зохион байгуулдаг учиртай гэлээ.

2025 онд Монгол Улсад зохион байгуулах JCI Ази, Номхон Далайн Бүсийн Чуулган буюу ASPAC арга хэмжээнд  их өндөр ач холбогдол өгч байгаа бололтой. Засгийн газраас 2023-2025 оныг  “Монголд зочлох жил” болгон зарласан үед бүсийн хэмжээний томоохон чуулган зэрэгцэж байгаа тул төрийн өндөрлөгүүд анхаарал хандуулж байна.

Өнгөрсөн бямба гарагийн JCI Candidate Training сургалт, уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, JCI Монгол байгууллагын 2007 оны Ерөнхийлөгч П.Батсайхан нар оролцсон юм.

ASPAC БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ТЭЛЭХ БОЛОМЖ

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА: 

- Монголын JCI байгууллага нэлээн дээд түвшинд хүртэл хөгжсөн. Тийм учраас 2025 онд Монгол Улсад  ASPAC арга хэмжээг зохион байгуулахаар болж байна. Зүйрлэвэл, Олимптой адил дэлхийн JCI байгууллагын том уулзалтыг Монголд зохиогдох нь аялал жуучлалыг хөгжүүлэх, улс орноо таниулах, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой.

JCI байгууллагын залуус өөрсдийн хийдэг ажил, сургалтаар дамжуулж Монголыг таниулах, жуулчин татахад хичээж ажиллаж байна гэж харж байна.

Төрөөс энэхүү том арга хэмжээг дэмжиж ажиллахаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Мөн  манай JCI байгууллага залуусыг бэлтгэхийн тулд байнгын сургалтууд зохион байгуулдаг. Энэ бол жирийн нэг сургалт биш академик түвшнийх юм. 

Энэ нь дэлхийн олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй ажил учраас ирээдүйд хаших албан тушаалын бэлтгэлийг хийж байна гэсэн үг. Ирэх жилүүдийн сонгуульд өрсөлддөг. Жишээ нь, JCI Candidate Training сургалтад   ирэх жилийн дэлхийн JCI байгууллагын ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Энэтхэгээс нэр дэвшигч залуу оролцож байна.

Мөн 2025 онд Монгол Улсад зохион байгуулах JCI Ази, Номхон Далайн Бүсийн Чуулганыг зохион байгуулахаар олон орны залуус сургалтад оролцож байна.

Бид олон улсын сургалтаар залуус хэрхэн өөрсдийгөө хөгжүүлдэг аргаас монголчууд суралцах нь чухал.

Дэлхий даяар хүний хөгжлөөр хэмжигддэг болсон. Хүн нь эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай, өрсөлдөх чадвартай эсэхээр хэмжигддэг болсон энэ цаг үед  сургалт маш чухал. Тиймээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод олон улсын сургалт семинар хийгднэ гэдэг  гадаад бодлогын хувьд маш чухал ач холбогдолтой гэв.

Манай улс Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг 2017 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан туршлагатай. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтад тухайн үед 51 улсын 3600 орчим залуус оролцож байв. Харин 2025 оны чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулбал 5-7 хоногийн хугацаанд 120,000 орчим ажлын байр идэвхжиж, Улаанбаатар хотын  эдийн засагт 15 орчим сая доллар орно гэх тооцоо байна.  Дашрамд дурдахад, JCI бол дэлхийн 120 гаруй улсад 5000 орчим салбартай бизнесийн салбар дахь томоохон төлөөлөл юм.  Өдгөө 100 гаруй жилийн түүхтэй энэ байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрэээс бизнес эрхлэгч 18-40 насны залуус нэгдсэн гэдгээрээ ялгардаг.

 

Б.Цэцэг