Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.04 16:49
13291
Гурван хүний амь нас эрсэдсэн зам тээврийн ноцтой осол болсон байхад хэрэг шийдэгдэлгүй 6 сар боллоо

Зам тээврийн ноцтой ослын улмаас гурван хүний эрдэнэт амь нас эрсэдсэн хэрэг энэ оны гуравдугаар сарын 12-ны 01:00 цаг орчимд гарсан.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн шалган нэвтрүүлэх постоос 7 км-ын зайд байрлах “Дэлүүн” гэх дэлгүүрийг том оврын авто машины жолооч Т.Ж мөргөж, дэлгүүр дотор байсан Х.С, М.А, н.А нарын амь насыг хөнөөсөн. Хэрэг гарснаас хойш таван сар гарны хугацаа өнгөрч байхад гэмт этгээдийг одоо болтол барьж хориогүй байгаа юм.

Гурван хүний амь нас хөнөөсөн Т.Ж нь зургаадугаар сарын 08-ны өдөр Казакстан руу хил даван зугтсан бөгөөд түүнийг гэм буруутай гэдгийг прокурорын байгууллагаас зургаадугаар сарын 25-нд тогтоож, яллагдагчаар татах шийдвэр гаргажээ.

Ар гэрийнхнийх нь зүгээс “Гэм зэмгүй гурван хүний амь насыг хөнөөсөн этгээдэд хилийн хориг тавьсан гэж хэлсэн учир хуулийн дагуу шийдэгдэхийг нь хүлээж байсан. Гэтэл хил гаран зугтсных нь дараа прокурорын шийдвэр гарсан нь хэргийг санаатайгаар удаашруулж байна гэх хардлага төрүүлж байна.

Нас барсан Х.С, М.А, нар нь нэг гэр бүлийн хүмүүс байсан. Харгис алуурчнаас болж 11настай, 2 настай хүүхдүүд бүтэн өнчин болж, өдөр бүр аав ээжийгээ асууж, ар гэрийнхэн нь цусаар уйлж байхад гэмт этгээд хил даван зугтсанд бухимдаж байна. Дэлгүүрт ажиллаж байсан 24 настай эмэгтэйн өндөр настай ээж охиноо бурхан болсныг сонсоод шоконд орж, мартах өвчтэй болсон биеийн байдал хүнд байгаа.

Бүхэл бүтэн гурван хүний амь насыг газар дээр нь хөнөөсөн, ачаа хэтрүүлэн ачсан, шалгах постоор хүчээр дайрч орсон зэрэг бүх бичлэг, нотлох баримт байхад хэрэг яагаад ийм удаашралтай байгааг гайхаж байна” хэмээн ярьж байв.

Ослын үеийн бичлэг үзэх: