m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.07 09:15
1573
Малчид нэг литр сүүг нэг литр цэвэр уснаас хямдаар худалдаалдаг

Урин дулааны улиралд монголчуудын сүү цагаан идээний хэрэглээ ихэсдэг. Хотын хэрэглэгч бүр 50 сая малтай, гурван сая иргэнтэй улсад нэг литр сүүг 2900 төгрөгөөр худалдан авч байгаагаа гайхшран ярьцгаадаг бол хотын ойр орчмын малчид нэг литр сүүгээ мөн хэмжээний цэвэр уснаас хямдаар худалдаалахаас өөр аргагүй байгаагаа учирлана. Mass.mn сайтынхан малчид сүүгээ хэчнээн төгрөгөөр худалдаалж, үйлдвэрлэгчид хэдэн төгрөгийн өртөг шингээн, хэрэглэгч бид хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа вэ гэдэгт хариулт авахаар малчны хотноос, Хүнсчдийн холбооноос тодруулга авч, хэрэглэгчтэй уулзан дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Малчны хотхон: Монгол улс  сүүний нийт хэрэгцээг дотоодын үйлдвэрлэл бүрэн хангадаг боловч дотоодод үйлдвэрлэгдсэн сүүг үйлдвэрт нийлүүлэх бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо алдагдсантай холбоотойгоор манай томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн түүхий эдэд импортын хуурай сүү зонхилох байр суурийг эзэлсээр байна. Нөгөөтэйгүүр нүүдлийн мал аж ахуйтай, 50 гаруй сая малтай боловч хүйтэн сэрүүний улиралд зах зээлд сүүний  хомсдол үүсч,  импортын сүү хэрэглэх нь багасахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл сэрүүний улирал эхлэхээр үнээний  зэлнээс хэрэглэгчдэд шууд хүрдэг сүү багасч, иргэд үйлдвэрийн аргаар боловсруулсан, савлагаатай сүү хэрэглэдэг. Гэвч зуны улиралд ч өндөр үнэтэй хэвээр л байдаг. Тэгвэл малчид ямар үнээр сүүгээ худалдаалдаг бол? Энэ талаар тодруулахаар СХД-ийн (хуучнаар “Партизан”-ны САА) Жаргалант тосгоны малчин Г.Түвшинбаярынхаар зочилж, малчны хотноос сурвалжлагаа эхэллээ.

-Энэ хавийн айлууд бүгдээрээ сүүгээ үйлдвэрүүдийн машинд тушаадаг юм байна. Сүүний машин өдөр бүр ирдэг үү?

-Бүтэн сайнаас бусад өдөр нь ирнэ. Зарим компанийн машин өглөө, оройны сааль дээр өдөрт хоёр удаа ирдэг.

-Танайх өдөрт хэдэн литр сүү нийлүүлдэг вэ?

-Дунджаар 70 литр.

-Нэг литр нь ямар үнэтэй вэ. Малчдаас авдаг сүүний үнээ энэ жилээс нэмсэн гэж сонссон?

-Өнгөрсөн жил 400 төгрөг  байсан. Энэ жил бас яах вэ, 500 болсон.  Өвлийн улиралд бол 1000 төгрөгөөр авдаг. Гэхдээ тэр үеэр чинь гарц багасана шүү дээ. Малчин хүний хувьд малаасаа гаргаж авсан эрдэнэт сүргийнхээ буянг олигтойхон үнэд хүргээд өгчихвөл амьдрал ахуйд ч нэмэртэй л байдаг юм.  Гэтэл биднээс байж болох хамгийн бага үнээр авах юм. Тэгсэн мөртлөө 5-6 дахин нэмж хотын иргэдэд зарна. Иргэд маань ч яагаад шингэн сүү хэрэглэхгүй, хамаг шим, шүлтийг нь авчихсан, өндөр үнэтэй сүүг аваад байдаг юм бол. Сайн ойлгодоггүй. 

-Та бүтэн сайн өдөр өнждөг гэлээ. Энэ өдөр сүүгээ яадаг вэ?

-Бүгдийг нь цагаан идээ болгодог. Гэхдээ л 70 литр гэдэг чинь бидэн шиг цөөн ам бүлд илүүдэх талдаа. Ер нь энэ салбарын үйлдвэрлэл, түгээлт, чанар зэрэг асуудлыг зөвхөн хувийн хэвшлийнхэн, малчид, ченжүүд зохицуулж, хотын иргэдийг сүүгээр хангах ажлыг цөөн тооны  хэдэн компани л хийсээр ирсэн. Тийм болохоор л сүүг нэг литр цэвэр усны үнээс доогуур тогтоож байгаа байх. Арай л дэндүү санагдахгүй байна уу. Усыг ямар малаас гаргаж авдаг биш дээ. Тэрнээс доогуур үнэлэж байна шүү дээ.  Мөн өвөл, зуны улиралд сүүний үнэ өөр, өөр байдаг нь малчид бидэнд тогтвортой орлого болж чадахгүй. Үүнийг шийдвэрлэж өгөх талаар төр засаг жоохон анхааралдаа аваасай. Зарим хүн, хүч сайтай, хотод ойр, эсвэл галт тэрэгний өртөөтөй ойролцоо байдаг айл өрхүүд галт тэргээр сүүгээ зөөж, худалдаачдад арай өндөр үнээр өгдөг. Харин тэд үнэ дээр нь 300-400 төгрөг нэмж зардаг. Яг өдийд нэг литр сүү Улаанбаатарт 900-1200 төгрөг байна. Ийм үнээр л зараад байвал хэн хэндээ ашигтай.

Сүү тансаг хэрэглээ болоход ойрхон байна

Сүүний үйлдвэр: Малчид сүүний үйлдвэрийн машинд сүүгээ 500 төгрөгөөр тушааж байгаа бол Улаанбаатар хот руу хүргэж, ченжүүдэд өгөхдөө үүнээс арай илүү үнэ хүргэдэг (ойролцоогоор 700 төгрөг) гэж байлаа. Ченжүүд 900-1200 төгрөгөөр иргэдэд худалдаалж байгаа аж. Харин сүүг 500-700 төгрөгөөр авдаг үйлдвэрүүдийн төлөөлөл болгон Хүнсчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Сүүн сондор” ХХК-ийн захирал Э.Болормаагаас үнийн талаар тодрууллаа.

-Малчид сүүгээ үйлдвэрүүдэд 500 төгрөгөөр худалдаалж байгаа гэсэн. Харин хэрэглэгчид сүүний үйлдвэрүүдийн савласан нэг литр сүүг дэлгүүрээс 2100-2900 төгрөгөөр худалдан авч байна. Харьцангуй өндөр үнэ биш гэж үү?

-Үйлдвэрлэгчид Улаанбаатар хотын эргэн тойронд байгаа малчдын хотонд очиж сүү цуглуулна. Шууд нэг газраас бүх сүүгээ аваад ирэхгүй шүү дээ. Малчид тархаж нутгалдаг, уул уулын аманд буусан айлуудаар явж сүүгээ цуглуулах гэж өчнөөн км зам туулна. Тэр хоорондох тээвэр, дээр нь лабороторийн шинжилгээ гэх мэт зардал орно. Үйлдвэрүүд газар дээр нь очиж авахдаа нэг литр сүүг дунджаар 500 төгрөг, харин хотод авчирсан бол 700 төгрөгөөр авч байгаа.

-Нийслэлд хэчнээн сүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Арав орчим.

-Эдгээр үйлдвэр нийслэлийн хэрэглэгчдийг шингэн сүүгээр хангаж чаддаг уу?

-Манайх мал аж ахуйн орон гэдэг утгаараа үйлдвэрлэгчид зуны улиралд шингэн сүүгээрээ үйлдвэрлэл явуулах боломжтой.

-Тэгвэл нийслэлчүүд зуны гурван сар ямар ч байсан шингэн сүү хэрэглэдэг гэсэн үг үү?

-Тийм. Гэвч малчдаас авч байгаа сүү зөв хөргөж, хадгалаагүйгээс үүдэн энгийн бохирдол нь байх ёстой хэмжээнээс хэд дахин их байдаг. Юунаас болж байна вэ гэхээр, саальчид өөрийн гар болон үнээний дэлэнг ариутгадаггүй, сүү саадаг саваа ч бас зохих ёсоор нь ариутгагдаагүй байдаг. Дээр нь сүүгээ шаардлага хангасан хөргүүрт хадгалдаггүй. Үүнээс болж сүүнд байдаг нянгийн хэмжээ хэт ихэссэн байдаг. Ийм нөхцөлд хэдэн үйлдвэр малчдын сүү нянгийн бохирдол ихтэй байсан ч эрсдэл үүрэн байж худалдан авч, үйлдвэрийн аргаар ариутган, боловсруулж байгаа. Нянгийн бохирдол ихтэй сүүг үйлдвэрийн нөхцөлд ариутгасан ч хадгалах хугацаа нь бага байдаг юм.

-Тэгэхээр үнийн нэмэгдэл нь боловсруулах, ариутгах явцаас үүдэлтэй гэж тайлбарлаж болох уу?

-Үйлдвэрлэгчид зуны улиралд шингэн сүү авч, боловсруулж байгаа ч гэсэн борлуулалт эрс мууддаг. Учир нь ченжүүд, жижиг дэлгүүр, малчид сүү, тараг, цагаан идээг задгайгаар худалдаалж эхэлдэг. Хүмүүс ч авч хэрэглээд заншчихсан.  Задай худалдаалагдаж байгаа сүү саалийн хувингаас тогоо, тогооноос хадгалах сав, цаашилбал зөөж тээвэрлэх зориулалтын сав, тэндээсээ худалдаачид, сүүний ченжүүдийн сав гээд гар дамжин, савнаас саванд юүлэгдсээр хэрэглэгчийн гарт хүрнэ.

Ариун цэврийн шаардлага хангадаггүй гэдэг утгаараа задгай худалдаа явуулахгүй гээд хууль гарчихсан хэдий ч аль, аль шатандаа мөрдөгдөхгүй байна. Мэргэжлийн хяналтын газраас гялгар уутанд сүү, цагаан идээ савлаж худалдаалахыг хориглосон байгаа. Харамсалтай нь байдал өөрчлөгдөхгүй, зардаг нь зарж, хэрэглэгчид нь авсаар л байна. Гарал, үүсэл нь тодорхойгүй, эргээд хариуцах эзэнгүй, стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн арай хямд үнээр зах зээлийн тодорхой хувийг хангаад байхаар  эргээд сүүний үйлдвэрүүдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа.

Нөгөө талаас эдийн засаг хүнд байгаа. Талхаа таллаж авч идэж байгаа хүмүүс сүү, тараг авч хэрэглэх үү гэдгийг бодох л ёстой. Сүү тансаг хэрэглээ болоход ойрхон байна.

Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа сүүний үйлдвэрүүдээс “АПУ” малчдын сүүг хамгийн өндөр үнээр авч байгаа. Гэхдээ малчин бүрийн авчирж тушааж байгаа сүү нь “АПУ”-гаас тавьж байгаа шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь нууц биш. Олон айлын сүүг нэг хөргүүрт цуглуулах нь эрсдэл, гэсэн ч “АПУ” үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Бусад үйлдвэрлэгч ч гэсэн ялгаагүй. Ингэж эрсдэл үүрэн цуглуулсан сүүгээ тээвэрлэж авчраад, ариутгаж, боловсруулаад, савлаад худалдаачид болон дэлгүүрт хүргэж байгаа. Тэндээс цаашаа тодорхой хэмжээний нэмэгдэлтэйгээр хэрэгчийн гарт хүрч байгаа. Гэхдээ дэлгүүр, худалдаачид энэ хооррнд ямар ч эрсдэл үүрэхгүй. Зарагдвал ашгаа аваад, зарагдахгүй бол буцаачихна, энэ бол бизнес. Одоогоор аль, аль үйлдвэр буцаалт ихтэй байгаа. Сүү, сүүн бүтээгдэхүүн дулааны улиралд хадгалалт даахгүйгээсээ болж хаягддаг. Ингээд үйлдвэрлэгчид шат шатандаа эрсдэл хүлээдэг.

-Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар, үнэ, стандартын талаар хоорондоо зөвшилцөж хамтран ажилладаг уу?

-Сүүний үнэ урьд жилүүдийнхээс өндөр байгаа, гэхдээ худалдан авалт буурсан. Ер нь бол чанарын шаардлага хангаагүй задгай сүү, тарагны худалдааг хориглохгүй бол сүүний үйлдвэрлэл хүнд л байгаа. Ямар ч байсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, буцаалтаа аваад явж л байна.

-Сүүний үнэ хямдрах боломж бий юү?

-Яаж үнийг буулгах юм бэ, боломжгүй. Малчид үнээгээ тэжээлээр тэжээж байгаа, дээр нь тээвэрлэлт, үйлдвэрлэлийн зардал өндөр байна. Хэдийгээр стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж байгаа ч төрөөс энэ салбарт дэмжлэг үзүүлдэггүй.

Энэ бүхний эцэст Г.Түвшинбаяр малчны 500 төгрөгөөр тушаасан нэг литр сүүг байрныхаа гаднах дэлгүүрээс 1000-1200 төгрөгөөр худалдаж авах, эс бол сүүний үйлдвэрүүдийн ариутгаж боловсруулсан сүүг 2900 хүртлэх төгрөгөөр худалдаж авах сонголт хэрэглэгч бидэнд үлддэг ажээ.