2023 онд түгжрэлийг бууруулахаар 420 тэрбумыг төсөвлөсөн. Гэтэл түгжрэлийн сайд гэгдэх Ж.Сүхбаатарын түгжрэлийг бууруулах 420 тэрбумын шийдэл ердөө л тэгш, сондгойгоор явуулах байв.
Угтаа бол бид Ардчилсан Монгол улсын иргэд! Иргэдээ өмч хөрөнгөөр нь ялгаварлаж, хязгаарлаж буй нь нэг талаараа иргэдийнхээ эрхэд халдаж буй явдал...
Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг. Мэдээж төр засгаас гаргасан шийдвэрийг иргэд үг дуугүй дагаж тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Машин нь замын хөдөлгөөнд оролцохгүй өдрөө нийтийн тээврээр зорчихыг иргэдэд үүрэг болгов. Угаас тэдэнд тэгш, сондгойгоос өөр ухаалаг шийдэл байсангүй...
Гэтэл нийтийн тээврийн байгаа байдал таван жилийн өмнөхөөс ялгарах зүйл байсангүй. Хар утаа баагиулан хамаг хүчээрээ чийхран урагшлах хөөрхий автобусанд хөл эргэх зайгүй болтлоо чихээд чимээгүйхэн явахад нийслэл хотын минь түгжрэл багасах юм гэнэ.
Өнөөдөр, маргаашдаа түгжрэл саарах ч хэтдээ дийлэнх иргэд 2 машинтай болж Улаанбаатар хотод тэр чигтээ тэг зогсолт болох вий дээ... Удирдах албан тушаалтнууд үүнийг биднээр хэлүүлэлгүй мэргэн оюундаа тунгаасан биз ээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард түгжрэлийг бууруулах хорооны дарга Ж.Сүхбаатар хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа "Парк шинэчлэлийг ирэх онд гүйцээн хэрэгжүүлэхээр Засгийн газраас 318 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Ирэх он гэхэд парк шинэчлэлийг бүрэн хийж дуусна" хэмээн ам өчиг өгч байв.
Парк шинэчлэл нэрээр тодорхой тооны автобус оруулж ирсэн ч өнөө алдарт улаан автобус хотын төвөөр л үйлчилгээнд явдаг. Харин хотын захаар актлах дөхсөн хуучин автобуснуудаа явуулсаар л байна.
2023 он шувтрахад гуравхан сар үлдлээ шүү сайдаа! 318 тэрбумаар хийж байгаа парк шинэчлэл юм чинь бид энэ өвөл дулаахан автобусанд тав, тухтай зорчих байх хэмээн найдаж байна...