Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.09.08 17:31
7069
“МОДА МОНГОЛ НООЛУУРААР ЭХЭЛДЭГ” БАЙХЫН ТӨЛӨӨ БИД ЗОГСОЛТГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙНА

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Ханбогд Кашимер” ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Ганцэцэг оролцлоо.Анх арваадхан ажилтантай, мөн тооны тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Ханбогд кашимер” ХХК энэ жил түүхт 25 жилийн ойтойгоо золгож байна. Ноолууран хувцас үйлдвэрлэл, загварын салбартаа тэргүүлэгчдийн нэг “Ханбогд кашимер” ХХК нь одоогоор дэлхийн арав гаруй топ брэндүүдтэй хамтарч, 20 гаруй орнуудад бүтээгдэхүүнүүдээ худалдаалж байна.

“Ханбогд кашимер” нь экспортын үнийн дүнгээрээ Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсаар байна. Бүтээгдэхүүний чанар, загвараараа дэлхийн загварын ертөнцөд Монгол гэх нэрийг цуурайтуулан буй тэд  500 гаруй ажилчидтайгаар жилд 1000 тн самнасан ноолуур боловсруулах, 300.000 ширхэг сүлжмэл, 200.000 ширхэг нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 25 дахь жилийн ойтойгоо золгож буй Үндэсний баялаг бүтээгчид юм.

Одоогоор дэлхийн ноолуурын эрэлтийн 40 хувийг Монгол Улс хангадаг. Тэгвэл “Ханбогд Кашимер” компани нь байгуулагдсанаас хойш самнасан ноолуурыг экспортлох чиглэлээр тэргүүлэхийн сацуу хувцас загварын ертөнцөд ноолууран бүтээгдэхүүний чанар, загвараараа олон улсын хэрэглэгчдийн талархлыг хүртсээр байгаа юм. Тэд ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийн томоохон брэндүүдэд хүлээн зөвшөөрөгдөн, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлсээр байна. Одоогоор “Ханбогд Кашимер”-ын тансаг ноолуураар Итали, Герман, Швейцар, АНУ, Канад болон Япон, Солонгос зэрэг дэлхийн 20 гаруй орны хэрэглэгчид гоёж байна.

“Ханбогд Кашимер”-ийн бүтээгдэхүүнийг нэг сэтгэл, нэг зорилго дор нэгдэн урладаг бөгөөд нийт ажилчдын 90 хувь нь эмэгтэйчүүд, тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлдэг юм. Компанийн удирдлагын зүгээс тэдгээр эмэгтэйчүүдийг тогтвортой ажлын байраар харгахыг зорьж, орон сууцтай болгоход нь дэмжлэг үзүүлдэг байна. Тэд “Мода Монгол ноолуураар эхэлдэг” болох цаг ойрхон байна гэх эерэг төсөөллийг хуваалцан, энэхүү зорилтоо бүтээгдэхүүн үйлчилгээндээ чанар болгон шингээдэг байна.