Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохион байгуулагддаг хоёр улсын хамтарсан хамгийн том экспо цар хүрээгээ тэлж олон улсын үзэсгэлэн худалдааны түвшинд очиж байна. Энэ удаагийн экспод 35 улс бараа бүтээгдэхүүнээ сурталчилж оролцсон юм. Өмнөх 3 удаагийн экспогийн үеэр 270 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалтын 444 санамж бичгийг үзэглэсэн.
Харин дөрөв дэх удаагийн экспо 9 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж нийт 3000 аж ахуй нэгж оролцсоноос манай улсын 500 аж ахуй нэгж багтаж, бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн юм.
Мөн үзэсгэлэн худалдаанаас гадна төв Азийн таван орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг, Монгол, Хятадын хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүний танилцуулга, Монгол, Хятадын олон улсын стандартчиллын хоёрдугаар чуулга уулзалт, “Түмэн газрын цайны зам” сэдэвт олон улсын соёл, аялал жуулчлалыг танилцуулах хурал болон Өвөр Монголын идээ ундааны соёлын долоо хоног зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.