Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.09.11 11:14
2130
МАРТАГДСАН 1072 ХУВЬЦАА

Сайтар мартагдсан зүйлийг шинэ зүйл гэдэг шиг Монголчууд бид 1072 хувьцаатай эсэхээ мартаад олон жил болж байна. ЭТТ ашигтай ажиллаж ногдол ашиг өгч магадгүй гэх үед л хэсэг бүлэг нөхөд ярихаас хэн ч тоодоггүй сэдэв болжээ.

Яагаад? Яагаад гэвэл 12 жил бидний амьдрал ямар ч нэмэргүй, өгөөжгүй, гарт баригдах зүйлгүй, дансны хоосон бичилт төдий зүйл байгаа учраас тэр. Ядаж байхад өнөөх хувьцааг нь ЗГ-ын тогтоолоор захиран зарцуулах эрхгүй, үр хүүхдэдээ бэлэглэх, өвлүүлэх ч эрхгүй болгосон учир 1072 хувьцаа байгаа ч гэж тоодоггүй. Арга ч үгүй биз. Хэнд ч хэрэггүй, ямарч ашиггүй, байгаа үгүй нь мэдэгдэхгүй зүйлийн төлөө хэн цаг заваа гарздаад явах вэ дээ. Жаахан ашиг гарвал аманд ч үгүй, хамарт үгүй ийм жаахан мөнгөөр та юу хийх юм бэ, инфляци болно, юмны үнэ тэнгэрт хандана, амьдрал хэцүү болно, түүний оронд төмөр зам барья, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барья, нүүрс угаах үйлдвэр барья гээд өгдөггүй төртэй.

Харин та олон улсын хөрөнгийн бирж дээр ашигтай яваа компанийн хувьцаа худалдан авсан бол өдөр бүр хувьцааны өсөлт уналтыг ажиглаад өөрийнхөө ашиг алдагдлыг тооцоод арилжаа худалдаа хийгээд явж чадна. Залуус ийм арилжаа их хийдэг болсон. Даанч танд ашиг, өгөөж өгөх боломжтой 1072 гэх юм юу ч алга даа.

Аргагүйн эрхэнд гудамжинд хог түүгээд явж байгаа хүнийг бид арчаагүй муугаар нь дууддаг ч өөрсдөө гадаадынхны нүдээр бол тэр гуйлгачингаас огт ялгаагүй харагддаг гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. Өөдтэйхөн төр засагтай байсан бол Оюутолгойн ордоо ашиглаад эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн, өндөр хөгжилтэй улс болох бүрэн боломж байлаа. Үүнийг ашиглаж чадаагүй.

Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуулиараа тунхагласан ч 400 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан Оюутолгойн ордоо сохор зоосны ч үнэгүй алдсан. Дэлхийд тэргүүлэх ордоо үнэгүй өгөөд, дээр нь өр бичүүлээд сууж байдаг уужимхан дотортой улс. Ёстой л нөгөө илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг.

Энэ ордоос Монголчууд юу ч хожихгүй гэдэг нь тодорхой болсон. 400 тэрбум ам.доллар ордоо зүгээр өгчихөөд, 11 тэрбум ам.долларын өрөнд орж, 34 тэрбум ам.долларын гадаад өрнөөс айгаад сууж байдаг улс гэж энэ дэлхийн хаана ч байхгүй. Үүнийг засаж залруулж Монголын эрх ашгийн төлөө ажилладаг орд болгох л ёстой.

Харин Оюутолгойн араас Таван толгойн ордоо алдчихмааргүй байна. Таван толгойг алдахгүй байх хамгийн сайн арга бол ард түмний өмч болгож, ард түмний хяналтад оруулах. 2018 оны үнэлгээгээр л Эрдэнэс таван толгой 350 тэрбум ам.долларын орд юм. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 85 хувийг төр эзэмшдэг. Удирдлага, менежментийг нь төр хариуцдаг. Нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ өндөр байгаа учир ашигтай ажиллаж байгаа. Ашигтай ажиллах тусам энэ ордыг дагасан хулгай, луйвар, авлига хэрээс хэтэрч мөнгөний тоо хэмжээ, хамрах албан тушаалтны хүрээлэл төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагыг хамрах боллоо. Хууль хүчний байгууллага гэмт хэрэгтэнд хариуцлага тооцох гэсэн боловч эрх мэдэлтнүүд олноор оролцсон учраас УИХ-ын сонсгол хийж гэмт хэрэгтэнд ял өгөх эсэхийг асуух хэмжээнд хүрч байна.

Иймэрхүү булхай луйврыг таслан зогсоохын тулд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг яаралтай амь оруулж, олон нийтийн компани болгох явдал юм.

Эдийн засгийн эрх чөлөөнд хүрээгүй бол боолчлолд, дарангуйлалд байна гэж үздэг. Японд зээлийн хүү жилийн 2 хувь байна. Монголд багадаа 20 хувь байна. Бид яагаад Японд 10 жил төлдөг зээлийн хүүг нэг жилд төлөх ёстой юм бэ? Бид яагаад Солонгост 5 өдөр ажиллаад олдог мөнгийг бүтэн сар ажиллаж байж авах ёстой юм бэ? Яагаад өчүүхэн цалинтай байж дэлхийн үнэтэй хотуудаас ч үнэтэй хоол хүнс хэрэглэх ёстой юм бэ? Улаанбаатар хотын иргэд яагаад утаагүй нүүрсний туршилтын туулай болох ёстой юм бэ? Яагаад Монголд дэлхийд байхгүй хорт хавдар илэрч /утаанаас шалтгаалсан/ байна вэ? Хэдий болтол туршилт болгоныг давж гардаг үхдэггүй харх шиг явах ёстой юм бэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н ордыг хувьцаа болгоод, 3,4 сая иргэндээ өмчлүүлээд өгвөл 100 жил ашиглах ордоо гадаадынханд алдана, хувьцаа худалдаж авах мөнгөтэй хүн байхгүй, хятадууд бүгдийг нь аваад бид юу ч үгүй хоцорно гэх мэт гэнэн ойлголтоосоо салах шаардлагатай байна. Бороогийн уурхайн 40 тн алтыг алдсан, Оюутолгойн 400 тэрбум ам.долларын ордоо алдсан. 2544 орд газраа “Хайгуул”, “Ашиглалт”-ын лиценз нэрээр гадаад, дотоодын ААН-үүдэд алдсан. Та байгалийн баялгийн эзэн, та хувьцаа эзэмш, ногдол ашиг ав гэж хэн ч хэлээгүй, бид ч нэхээгүй. Дарга нар хуйвалдаад идэж уугаад бидэнд юу ч өгөөгүй гэж гомдоллохоос өөр юу ч хийгээгүй.

Харин ЭТТ ХК-ийн төрийн мэдлийн 15 тэрбум ширхэг хувьцааг нийт 3,4 сая иргэндээ хувьцаа болгоод, өмч болгоод, захиран зарцуулах эрхийг нь өгөх юм бол нийт Монголын 3,4 сая иргэн тус бүрт 4400 ширхэг хувьцаа буюу 308 сая төгрөгөөр үнэлэгдэх өмч хөрөнгөтэй болно. Монгол хүний амьд явах, өмч хөрөнгөтэй байх, эрх чөлөөтэй байх эрх баталгаажна. Хамгийн муугаар бодоход дээр дурдсан ордууд шиг юу ч үгүй хоосон алдах бус иргэн бүр мөнгөтэй, эдийн засгийн эрх чөлөөтэй болно гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.  Эдийн засгийн эрх чөлөөтэй иргэн өөртөө, нийгэмдээ, улсдаа ямар хувь нэмэр оруулахын ач тусыг та нэг бодоод үзээрэй. Хувь хүн мөнгө гуйсаар байгаад эмнэлгийн тусламж авч чадахгүй өвчнөө хүндрүүлэхгүй, үхэхгүй болно. Улс нь гадаад өрөө төлж чадахгүй, УИХ-ын даргынхаа хэлсэн шиг 2030 онд улс орноосоо хөөгдөхгүй болно. Тэгээд ч Дэлхийн банк 2015 онд Монгол Улсын илрүүлээд байгаа байгалийн баялгийг 3 их наяд ам.доллар гэж үнэлээд байхад яагаад төр засаг нь ашиглаж чадахгүй 34 тэрбум ам.долларын өрнөөсөө айгаад эх орноосоо хөөгдөх дээрээ тулаад байна вэ?.

Бид социализмын үеэс л түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг, “соцализмын бараа материалын бааз” хэмээн хочилдог улс байсан. Тийм ч учраас барууныхан биднийг “Алтан дээр суусан гуйлгачид” гэж нэрлээ биз. Одоо ч тийм л байна.

Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр “Эрдэнэс Тавантолгой”-н ашгаас ногдол ашиг хуваарилъя гэхээр төр үйлдвэр барь, төмөр замаа тавь гэх хүмүүс одоо болтол байсаар байна. “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгийг хулгай хийж баяжигсад хоёр, гурван үеэрээ тэрбумтнууд болж, бидний толгой дээр гишгэлж байна. Ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ хулгай хийдэг байсан бол хууль хүчний байгууллагууд хамтарч хулгай хийдэг болж гээд бид хэвийн үзэгдэл мэт ярьдаг болсон байна. Яагаад 3,4 сая иргэн байгалийн баялгийн өгөөжийг хүртээд нуруу тэнэгэр, сэтгэл тайван амьдарч болдоггүй юм бэ?.

Тавантолгойн ордоо алдвал бид юу алдах юм бэ гэж та асууж магадгүй. Таван толгойн ордоо алдсанаар өнөөдөр нэг төгрөг ч алдахгүй, юу ч байгаагүй юм чинь юу ч алдахгүй гэж бодож байвал та эндүүрч байна гэсэн үг. Та эх орноо, байгалийн баялгаа, өмч хөрөнгөө, ирээдүй хойч болсон үр хүүхдийнхээ сайн сайхан амьдрах боломжийг өөрийнхөө идэвхгүй байдлаас болж алдаж байгаа юм.

Харин Тавантолгойг авснаар та юу хожих вэ? “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хувьцаажуулж, иргэн бүр өмчилж авснаар хамгийн наад зах нь иргэд нь өр зээлээс гарна, орон сууц худалдан авч, өөрийн хаусаа барьж орсноор утаа гэдэг зүйл төрийн оролцоогүйгээр ор мөргүй арилна, Хөрөнгийн бирж хөгжинө, банкны хүү буурна, иргэдийн худалдан авалт өсөж худалдаа арилжааны ашиг орлого өснө, иргэд ААН-үүд мөнгөний хомсдолоос гарч бизнесээ санхүүжүүлнэ, татвар төлөгч ААН-ийн тоо өснө, улсын эдийн засаг тэлнэ гэх мэт тоочоод баршгүй ач холбогдолтой.     

Та авъя гэхгүй бол төр хэзээ ч өгье гэхгүй тул бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа нэхцгээе!!!

 

ШИНЭ НАМ-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн

Эрхзүйч М.Сайнбаяр