Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.13 08:55
2387
Хөрсний нуралтаас болж нэг иргэн амиа алджээ

Хан-уул дүүрэг 21-р хороо Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-ийн баруун талд байрлах хотхоны бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Аврах ангийн бүлэг дуудлагаар очиход “Жаргалант .....” ХХК-ны ажилчид шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсч 2 иргэн 3х1,50 метрийн хэмжээтэй нүхэнд дарагдсан байсан.

Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, 26 настай эрэгтэй Э нь дарагдаж нас барсан байсныг хүрз, дамнуурга, тулгуур бэхэлгээ ашиглан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

Нөгөө нэг иргэнийг иргэд гаргаж, Яаралтай тусламж 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна.

Иймд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөж, эрдэнэт хүний амь нас эрсэдэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.