Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.09.13 11:47
2855
Нүүрсний 40 их наядын дуулианд нэр нь цойлж явсан УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн уснаас хуурай гарах ёсгүй

Нүүрсний хэрэгт холбогдсон 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж энэ үеэр "Эрдэнэс -Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг  "Бидэнд жорлонгийн хэрэг тохоод жинхэнэ эзэд ард нь үлдэх нь. 76-уулаа энд сууж шүүгд" хэмээн хэлсэн нь зүгээр ч нэг хэлсэн үг биш байх.  

Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн нүүрсний хулгайн хэрэг олон нийтийн анхааралд орж, дөн өвлийн хүйтнээр хулгайчдыг зарлахыг шаардаж иргэд төв талбайдаа олон хоног жагссан. Улмаар АТГ-аас нүүрсний хэрэгт  холбоотой нэр бүхий УИХ-ын гишүүдийг зарласны дотор  Баянхонгор аймгаас иргэдийнхээ итгэлийг авч, төрд төлөөлж буй УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн багтсан байлаа. 

Тухайн үед нүүрстэй холбоотой хэмээн зарлаж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж байсан А.Адьяасүрэн гишүүн хэрэгт хамааралгүй болж, намжмж орхилоо. Тэрбээр нүүрс тээврийн С зөвшөөрлийг хамаарал бүхий компанидаа авахын тулд бусдад авлига өгсөн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байсан ч хэрэг нь хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй.

Тэрбээр энэ талаараа "Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. Сүүлдээ ичсэн хүн хүн ална гэдэг шиг  бизнес эрхлэгчдийг дарамталж байна. Шалгуулахад бэлэн" хэмээн булзайруулж байв.  

Энэ мэт АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийн  зөвхөн хоёрыг нь буюу Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түттэлзүүлсэн байдаг.  Бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэн Д.Бат-Эрдэнэ ч энэ удаагийн нүүрсний гэх тодотголтой шүүх хуралд хамааралтай байсангүй. Тэгэхээр уснаас хуурай гарах олон эрхэм байгаа нь энэ мэт хүмүүсээс харагдаж байна.