Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.15 16:33
2006
Халаалтгүй, зөөврийн устай Хонхорын 27 айлыг яаралтай "НҮҮ" гэсэн шаардлага тавьсан ч...

БЗД-ийн 11-р хороо Хонхорын 27 айлын орон сууцанд 100 орчим хүн зутруухан намаржина. Удахгүй дөн өвөл хаяанд ирэхтэй зэрэгцэн эрсдэлтэй хэмээн актлагдсан хуучны байрнаас  оршин суугчдыг гарахыг удаа дараа шаарджээ. 1956 онд ашиглалтад орж, 67 дахь намартайгаа золгож буй тус орон сууц анх багш нар амьдарч байв. 

Энэхүү орон сууцыг 2013 онд Мэргэжлийн хяналтын газраас нурах эрсдэлтэй хэмээн акталсан.

Мөн 2018 онд дахин төлөвлөлтөд оруулна гэж байсан ч хувийн компаниудад ашиггүй гэсэн тул гацжээ. "Дахин төлөвлөлтөд оруулна" гэж сонгууль бүрээр улстөрчид шоудаж, оноо авах хэрэгслээ болгодог талаар оршин суугчид хэлж байна.  

Энэ талаар БЗД-ийн 11 дүгээр хорооны ИРГЭД....      

     "Уурын зуухнаас галлагаа авдаг байсан. Бид усаа гаднаас зөөж хэрэглэдэг.  2018 онд дахин  төлөвлөлтөд хамрагдахаар болсон ч өнөөдрийг хүртэл компани нь сонгогдоогүй. СӨХ-гүй учир өнгөрсөн жил дотор талаасаа нурж орж ирсэн. Нурж муудсаныг нь оршин суугчид засаж, янзалдаг.

     Гэтэл нэг л өдөр уурын зуухнаас халаалт өгөхгүй гэж мэдэгдсэн. Учрыг нь асуутал хорооноос бид хариуцлага хүлээхгүй.

Нуралт үүссэн учир халаалт өгөхгүй гээд биднийг нүү гэсэн. Одоо 10 дугаар сар гарлаа. Бидэнд хүйтэнд очих газар байхгүй.

     Оршин суугчид, хорооны Засаг дарга, уурын зуухныхан хамтарсан уулзалт хийж энэ жилдээ халаалтаа авъя, дараа жил дахин төлөвлөлтөд орчих байлгүй, дэмнээд өгөөрэй гэж хүссэн ч Засаг дарга Ш.Батбилэг "Би чадахгүй", "халаалт өгөхгүй, тогийг нь тасалчихвал энэ айлууд гарахгүй гээд яадаг юм" гэж хэлсэн.

     Урдаас нурах эрсдэлтэй гэсэн акт л ярьдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хүн дарагдаж үхсэнгүй, бага зэрэг нуралт үүслээ гэхэд оршин суугчид өөрстөө засаж янзалдаг. Эсвэл хорооны Засаг дарга Ш.Батбилэгт газар нь хэрэг болдог юм уу. 

Уурын зуухнаас халаалт өглөө гэхэд алдангитай гэдэг. Айлууд амьдар ч л байвал дахин төлөвлөлтөд орох нь амархан гэж бодож байна. Ямар нэгэн аюул болоход өөрстөө хариуцлага хүлээнэ хэмээн бичиг хийж өгсөн. Яагаад заавал өвлийн улирал хаяанд ирчихээд байхад биднийг хөөгөөд байгаа юм бэ" гэв. 

Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар  БЗД 11 дүгээр хорооны Засаг дарга Ш.Батбилэгээс тодрууллаа. 

- Өвлийн улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд орон сууцных нь халаалтыг өгөлгүй, нүү гэсэн талаар оршин суугчид хэллээ. Зуу орчим хүний асуудал яригдаж байна?

- Манай хороонд тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь. Энэхүү орон сууц 1956 онд ашиглалтад орсон өдгөө 67 болж байна.  2013 онд Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр хүн амьдрах боломжгүй гэж гарсан. Өнгөрсөн жил уурын зуухнаас энэ байранд халаалт өгөхгүй. Учир нь сантехник муудсан учир ус гүйцэт гүйдэггүй. Тиймээс халаалт өгч болохгүй гэдэг хариулт өгч, эцэст нь ямар нэг асуудал үүсэх эрсдэлтэй гэсэн албан бичиг надад ирсэн. Өнгөрсөн жил гурвалсан уулзалт хийгээд оршин суугчид засвар үйлчилгээгээ хийе гэж байсан ч хийгээгүй. Тиймээс энэ жил уурын зуухнаас халаалт өгөхгүй гэдгээ дахин хэлсэн. Зөвхөн өнөөдөр үүссэн асуудал биш. Халаалт өгөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн.

Оршин суугчдын хувьд "очих газар алга" гэдэг. Гэвч хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй хөрөнгө гэж байхгүй. 

- Дахин төлөвлөлт ямар шалтгаанаас болж гацаад байгаа вэ?

- Энэ хэсэг төвийн шугамтай холбогдоогүй олон асуудал байгаа учир компани орж ирэхгүй байна. Нэг удаа тендер зарласан ч уг газрыг ашиггүй гэж үзээд ямар ч компани орж ирээгүй. Мөн 18 айлын орон сууц гэж байгаа ч "ордер"-оо давхар эзэмшүүлсэн. Нэг байранд гэхэд 2-3 хүн өмчилдөг.

- Асуудлыг шийдэж өгөхийг оршин суугчид таниас хүсэхэд "надад хамаагүй" мэтээр хэлдэг гэж байсан. Анхан шатны даргын хувьд юу хэлэх вэ?

- Хамаагүй гэж би хэлээгүй. Хамгийн гол нь асуудал үүсч, оршин суугчид бэртэж гэмтвэл, хариуцлага нь мэдээж над дээр ирнэ. Дахин хэлье. хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй хөрөнгө гэж байхгүй. Оршин суугчдын хувьд өөрсдийгөө эрсдэлд оруулах гээд байна.

 

Шууд дамжуулалт үзэх: