Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.18 10:51
2987
Ардаа эзэнтэй МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид горилогсод

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр хоногийн дараа болох гэж байна. Одоогийн байдлаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, “Ард Лайф” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан О.Одбаяр, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, Б.Лакшми, "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Ганболд, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан нарын нэр дуулдаад байна.

Бизнесийн салбарыг нэгтгэн зангиддаг энэ байгууллага улс төрөөс ангид, Монголын эдийн засгийг авч яваа хувийн хэвшил компаниудынхаа төлөө шүгэл үлээж, дуу хоолой нь болж явах ёстой ч үнэндээ ардаа эзэнтэй, намын хараат дарга нартай болоод удаж байна.

Энэ удаагийн сонгуулиар ч энэ байдал давтагдах бололтой. Одоо МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Т.Дүүрэн, МАН-ын гишүүн. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа О.Амартүвшиний хувийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад найзынхаа тушаалаар 4 жил танхимын Гүйцэтгэх захирлын алба хашсан нэгэн. О.Амартүвшин МАН, АН-д аль алинд нь гүйдэлтэй нэгэн. Тэрбээр АН-д гишүүн байхдаа Женко Х.Баттулгын фракцад хамтран зүтгэж нэр дэвшиж байсан удаатай.

“Ард Лайф” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан О.Одбаяр нар нэр дэвших гэж байна. Ардын Ч.Ганхуяг мөн л МАН-ын болон бага хурлын гишүүн. Нэр дэвшигчид Ч.Ганхугягийн түүний хамтрагчид, сайн туслах нь. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, Б.Лакшми, "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин нар нэр дэвшихээ бас зарлаад байна. Д.Энхтүвшин "MCS"-ээс өрх тусгаарласан бөгөөд Женко Х.Баттулгатай хамтрах болсон талаар яриа газар авсаар байна.

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Ганболд нэр дэвшинэ гэснээс үүдэн өрсөлдөгч нар нь нэлээн сандарч байгаа сурагтай.

Түүний ард МҮХАҮТ-ын даргаар олон жил ажилласан, УИХ-ын гишүүн асан нагац ах С.Дэмбэрэл нь байгаа. Гэхдээ С.Дэмбэрэл ажлаа өгөөд олон жил болж байгаа нэгэн. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан нэр дэвшинэ гэдгээ бас илэрхийлсэн. Тэрбээр Нийслэлийн МАН-ын хороонд хүчин зүтгэдэг, Хотын захиргаанд хог хаягдлын асуудлыг хариуцаж байсан Д.Сумъяабазартай ойр байдаг хүн.

Ингээд харахаар намын харьяат, намын дэмжлэгтэй олон хүн энэ удаа өрсөлдөх нь. Нам дагасан хүмүүс ямар хор хөнөөлтэй, бизнесийн эрх ашгийг хэрхэн уландаа гишгэдгийг МҮХАҮТ-ын гишүүн бизнесменүүд бүгд мэднэ. МҮХАҮТ-ын сонгуульд санал өгөх хүмүүсийн сонголт мэргэн байх болтугай.