m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2023.09.20 17:14
4158
Усны хомсдол, Хүнсний аюулгүй байдлыг шийдэх арга зам, стратегийг хэлэлцэнэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа билээ. 

Дэлхийн нийт усны хомсдол, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаачлан нэн яаралтай инновацлаг шийдлийг олох шаардлагатайг тус чуулганы үеэр дурдаж буй. 

Манай улсын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумдад орон даяар "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох буюу дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлэн "Хүнсний хувьсгал"-ийг эхлүүлсэн нь өнөөдөр ийнхүү олон улсад сайшаал хүртээд байна.

Харин өнөөдөр буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулга хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, болон салбарын удирдагч, мэргэжилтнүүд инновацлаг шийдэл, бодит стратегийн тухай санал бодлоо солилцож, дэлхийн хүнс, усны аюулгүй байдлыг шийдвэрлэх шийдлийг эрэлхийлэх юм. Салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцох юм. 

Энэхүү хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлт, хямрал мөргөлдөөний үед дэлхийн хүнс, усны систем эмзэг нөхцөлд байгаа энэ үед хөдөө аж ахуй, засаглалын салбарын уян хатан, тэсвэртэй байдлын тухай асуудлуудыг хөндөх болно. Түүнчлэн эдгээр хямралт нөхцөл байдлаас авсан сургамжуудыг хэлэлцэж, цаашид хэрхэн хүнс, усны системийн чадавхийг геополитикийн өөрчлөлт, уур амьсгалын гэнэтийн цочролын үед бодлого, түншлэлээр хамгаалах, тогтвортой байлгах арга замуудыг хэлэлцэнэ.

Дэлхийн хүн амын гуравны хоёр нь жилд дунджаар дор хаяж нэг сарын турш усны хомсдолд ордог ба энэ нь хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд тулгарч буй сорилтуудыг улам хурцатгаж байгааг НҮБ онцлон дурдсан. Манай улсын хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмтгий орнуудын нэг. Үүнээс үүдэн бэлчээрийн доройтлын асуудал хөндөгддөг. Үүнийг шийдвэрлэхийн тулд малын тоо толгойгоос илүү чанарт анхаарах, цаашлаад малын мах, эрүүл хүнсэнд гол анхаарлаа хандуулах учиртай тул хүнсний талаарх дээд хэмжээний уулзалтууд манай улсад төдийгүй олон улсын хэмжээнд болж байгаа нь сайшаалтай. Тодруулбал,  өнгөрсөн 8 дугаар сарын 24-ны өдөр Дундговь аймагт Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар” сэдэвт олон талын уулзалтыг зохион байгуулсан. 

Мөн Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Тогтвортой хөгжлийн төлөөх ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 9 дүгээр сарын 7-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулагдаж байсан юм.. Чуулганд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мишра нар болон Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, талуудын төлөөлөл оролцож байлаа. 

Мөн өнгөрсөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд болсон. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцсон юм. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал эхэлснээс хойш "Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт"-ын үеэр мөн л хүнсний аюулгүй байдал, усны хомсдлын тухай дурдаж, түүнээс гарах арга замуудыг эрэлхийлж байлаа. Тухайлбал, "Сүүлийн 30 жилд технологийн хурдацтай хөгжил явагдсан ч дэлхий даяар ядуурал нэмэгдэж, 2005 оноос хойш өлсгөлөн хамгийн дээд цэгтээ хүрснийг хэлж байсан" юм.