Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.21 14:59
1826
2024 оны хөгжлийн төлөвлөгөөний хэлэлцүүлгээс завсарлага авлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэхээр баталсан боловч, НИТХ дахь ХҮН намын бүлгийн саналаар завсарлага авлаа. 

Учир нь ирэх жилийн төлөвлөгөөг батлахаас урьтаж өмнөх баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн НИТХ дахь Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооноос нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор дүгнэлтээ танилцуулсан юм.

Тус хорооны дарга Б.Мягмар 2024 оны хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэхээс өмнө 2023 оны гүйцэтгэл болон 2021 оноос хойших явцын гүйцэтгэлийн талаарх мэдээлэл, танилцуулга хийх үүргийг Нийслэлийн ЗДТГ-т өгсөн гэсэн юм. Тиймээс дээрх мэдээлэл, танилцуулгыг төлөөлөгчдөд өгөх үүднээс ХҮН намын бүлгийн саналын дагуу хэлэлцэж буй асуудлаар хугацаатай буюу энэ сарын 26 хүртэл завсарлага өглөө.

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн иргэдийн дулаан болон цахилгаан хангамжийн найдвартай байдал, сайжруулсан шахмал түлшний асуудлаар нэмэлт мэдээллийг тодруулж байлаа.

Мөн Яармагийн зэвтэй усны асуудал, хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийн ажлын үр дүнгээр мэдээлэл хүссэн юм. Нийслэлийн зарим хэсэгт орон сууцны халаалтаа аваагүй байгаа бөгөөд, хэзээ 100 хувь дулаанаар хангаж дуусахыг тодрууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “....Аравдугаар сарын 15 гэхэд айл өрх, албан байгууллагуудыг бүрэн дулаанаар хангагдана…” гэв. 

Харин одоогоор халаалт нь ирээгүй айл өрхийн хувьд шугамын эвдрэл гэмтлийг засах, тохируулга хийх ажлыг албаныхан гүйцэтгэж байгаа аж.

Төлөөлөгч Ч.Раднаабазар Нийслэлийн харьяа агентлагийн удирдлагууд, ЗДТГ-ын ажил хариуцсан хүмүүс НИТХ-ын чуулганд сууж, төлөөлөгчдийн асуултад бүрэн дүүрэн хариулт өгч байх шаардлагыг тавьлаа. Мөн тендерийн ажлыг хугацаанд нь зохион байгуулаагүй эсвэл шалгарсан компани ажлаа гүйцэтгээгүйгээс болж өвөлжилтийн бэлтгэл хангагдахгүй байгааг төлөөлөгчид шүүмжилсэн юм. Улмаар ажлаа хийдэггүй, түүнээс болж нийслэлчүүд хохирдог, сургууль, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг байдлыг хөндсөн юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас энэ асуудлаар нийт 49 компанийн “хар жагсаалт” гаргаж, Сангийн яаманд хүргүүлсэн байна. Тендерт шалгарсан, эсвэл гүйцэтгэлийн гэрээ байгуулсан компаниуд ажлаа гүйцэтгэдэггүй, чанаргүй ажил хүлээлгэж өгдөг байдлыг арилгах үүднээс дээрх компанид дахин нийслэлийн тендерт шалгаруулахгүй хэмээх тайлбарыг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат өглөө. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. 

 





Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын