Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.22 09:41
1509
НҮБ-ЫН ОЛОН УЛСЫН ЭНХТАЙВНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
 
НҮБ-ын Олон улсын Энх тайвны Өдрийн 2023 оны үйл ажиллагаа “Энх тайвны үйлс: Дэлхий дахины зорилтуудын төлөөх бидний эрмэлзэл" сэдвийн дор уламжлал ёсоороо 09 сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын төв талбайн цэцэрлэг дэх Энхтайвны хонхон дээр зохион байгуулагдав.
Энэхүү арга хэмжээ энэ жил НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Зорилтуудыг хэрэжүүлэхийн төлөө бүх нийтээрээ хичээн, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, энх амгалан, шударга, нэг нэгдмэл нийгмийг бүтээн босгоход хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
 
Уг арга хэмжээг 2001 онд анх санаачлан зохион байгуулж, өдгөө 23 дахь жилдээ зохион байгуулж ирсэн Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулга уламжлал ёсоор нээж, НҮБ-ын Суурин Зохицуулагч Ноён Тапаан Мишра НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Дарга Антонио Гутеррэсын Илгээлтийг уншин танилцуулж, зул бадраан, энх тайвны хонхыг цохилоо. Дараа нь Монгол дахь Хинди, Еврэй, Тэнгэр шүтлэг, Бурхан шашин, Христ, Ислам, Оомото, Бахай шүтлэг зэрэг шашнуудын төлөөлөл Үүдэл нээлтийнхээ он дарааллын дагуу энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин, зул бадрааж, энхтайвны хонхыг цохих ёслолыг тус тус үйлдэв. Уг арга хэмжээ бүх шашин, байгууллагуудын зочин төлөөллүүд нэгэн дор хамтдаа хонх цохин, дурсгалын зураг татуулснаар өндөрлөлөө.
 
Мөн энэ өдрийг Монгол дахь бүх шашин шүтлэгийн төлөөлөл энх тайвны төлөө мөргөл залбирлын өдөр болгон өөр өөрсдийн сүм хийд, төвүүд дээр олон нийтэд нээлттэй мөргөлийн уулзалт цуглаанууд зохион байгуулдаг уламжлалтай.
 
Жил бүрийн Олон улсын Энх тайвны энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага бүх талуудыг буу зэвсгээ буулган дэлхий дахинд 24 цагийн турш гал зогсоохыг уриалдаг билээ. Ийнхүү дайн тулаангүй байж, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож, бүрмөсөн устгаж, эв нэгдэлтэйгээр амьдарч болно гэдгийг сануулах нь энэ өдрийн чухал бэлэг тэмдэг юм. Энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Антонио Гутеррэсээс Нью Йорк дах НҮБ-ын Төв байранд Энх тайвны илгээлтээ уншиж, Энхтайвны хонхыг цохин, дэлхий нийтийн дайн дажинд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг хором дуугүй зогсон хүндэтгэл үзүүлдэг.
 
“Энэхүү гайхамшигт цаг хугацааны мөчлөгт газар дэлхий хувьсан өөрчлөгдөж, хүн төрөлхтөн энх амгалан, гоо сайхан аж төрнө. Маргаан хэрүүл, аллага таллагын оронд энх тайван, үнэн мөн, эв эе ноёрхож, улс орон, ард түмэн, үндэстэн ястнуудын хооронд хайр ивээл, найрсаг харилцаа бий болно. Даян дэлхийн энх тайван өөрийн асрыг газар дэлхийн голд босгож, Амьдралын Адист Мод Өрнө, Дорныг сүүдэрлэх тийм өргөн хүрээнд мөчрөө дэлгэнэ. Дэлхий ертөнц шинжлэх ухаан, ахуйн амьдралын бодит үнэний тухай мэдлэг болон Бурханы тухай мэдлэгээр дүүрэх болно.” Бахаулла