Нүдэндээ харж, чихэндээ сонсомгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн аймшигт хэргүүд ганцхан өдрийн дотор ар араасаа цувран гарлаа.
Үртэй, үндэстэй бүхний сэтгэл шимшрэм аймшигт хэргийн золиос болсон бяцхан үрсийн төлөө бид дорвитой тэмцэхгүй байсаар өнөөдөр хорвоод ирээд хэдхэн жилийг үдсэн тэд хэн нэг хариуцлагагүй этгээдийн гарт үрэгдэж, ар араасаа тэнгэрийн орныг зорьсоор л байна.
Тэд тоглоомын талбай хайж яваад живж, сургуулийнхаа гадаа хөл бөмбөг тоглож байгаад хашаанд даруулж, хойд эцэгтээ заазуурдуулж, хэвтэрт ортлоо зодуулж амьтай голтой эмнэлгийн оронд тарчилж, гарцаар гарч яваад дайруулж, гэртэйгээ шатаж, гаж донтны хүслийн золиос болж үхсээр л байх уу?!
Өчигдөр гэхэд л, 54 хүүхэд хичээллэж байсан анги танхимдаа хордож 18 хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгдэв.
Арван хоёр, гуравхан настай тэрсхэн хоёр охин хичээлдээ явах гэж гэрээсээ гараад гарцан дээр дайруулж нэг нь амиа алдаж, нөгөө нь хүнд гэмтэн эмнэлгийн орон дээр сэхээгүй хэвтэж байна.
Согтуурсан этгээд гэгээн цагаан өдрөөр бага насны хүүхэд рүү хутга далайн айлган сүрдүүлэв.
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, шатаалаа. Сонсохоос өр өвдөм. Зүрх шимшрэм...
Хуулиа гууль болгосныхоо горыг амсаж, бид үрсээрээ тахил өргөөд байгаа хэрэг үү!
Хөрөнгөтэй мөнгөтэй, ар талтай нэг нь хэний ч хамаагүй хүүхдийг дайрч хаячхаад ял шийтгэл авахгүй өнгөрөөд байхаар дараа дараагийн хэргүүд давтагдсаар л байна. Бид сошиалаар хэсэг сэвж, гашуудлын хэдэн үгс урсгаж биччихээд мартсаар л байх уу? Өнөөдөр хэн нэгний хүүхэд хохирч байхад бид чимээгүй нүдээ аниад өнгөрвөөс маргааш бидний хүүхдийг аюул отоод байж байхыг үгүйсгэхгүй. Ахиж нэг ч хүүхдийг аймшигт хэргийн золиос болгохгүйн тулд бид яг одоо сэрэх хэрэгтэй байна.