Д.Баярхүү
Нийтлэлч
Нийгэм
2023.09.26 18:18
50926
Хөгжлийг чөдөрлөгч хөдөө

Хүнсний хувьсгал яагаад хэрэгтэй вэ? Бид эрчимжсэн мал аж ахуйгүй хаашаа холдох вэ? Эрчимжээч гээд дэлхий тулгаад байгаа бус уу? Нүүдлийн хөдөө чинь цаг үеэсээ хоцорч байгаа бус уу? Алийн болгон нүүдлийн гэх уран сайхны манан дунд төөрч хорвоог барах вэ?

Энэ тухай дор бодит амьдралаас жишээлэн буулгав. Хүлцэн уншаарай. Эрүүлээр тусгаж аваарай! Хөгжлийн зүтгүүр, чирэгч байдаг бол хөгжлийг чөдөрлөгч, арагш чангаагч, ухраагч гэж бас байна аа. Манайд бол хөгжлийн чөдөр тушаа, чангаагч, хөгжлийг нураагч нь тэр чигтээ хөдөө юм байна. Яаж ч өршөөж бодоод би зөв дүгнэлт олохгүй болчихлоо.

Хотын бид Цагаан сараар ууц тавьж, Наадмаар хотын алдарт уяачид морьдоо уралдуулж цэнгэж байхын тулд хөдөөгийн ард түмнийг харанхуй бүдүүлэг, малаас нь дор байлгаад байна гэдэг хүнлэг ёс талаасаа ерөөсөө өршөөж болмооргүй шиг санагдаад болдоггүй. "Нүүдлийн соёл иргэншил" гэх хуурамч баг өмсгөхийн тулд, "Нүүдлийн соёл иргэншил"-ийн сэдвээр хэдэн эрдэмтнийг эрдмийн зэрэгтэй, цол шагналтай байлгахын тулд, адаглаад хөдөөнөөс мах сүүгээ хотын хамаатнууд нь үнэ төлбөргүй авч хэрэглэхийн тулд малчдыг дорой буурай, арчаагүй байлгана гэдэг чинь харгис ёс юм биш үү?

Малчид чамд ямар гай тарив, чиний юуг булаав, чамаас юу гуйгаа вэ? гэж загнаж хараалгая. Би хотойхгүй. Бүр мах идэхээ хориулах, ална тална, зайлаач гэдгээрээ дуудуулсан ч би ийм дүгнэлттэй. Зун болгон Төв-Өвөрхангай-Архангай-Завхан-Увс аймгаар сар орчим аялан явж амарч ирчхээд, жилийн жилд яг бахь байдгаараа байдагт нь гайхшаа бараад бичиж байна. Нүүдлийн мал аж ахуй бүтэхгүй гэсэн дүгнэлтээ нотлон бичиж байна.

Өмнө нь ч бичиж байсан даа. Малчид бол малынхаа барьцаа, малынхаа боол нь болчихжээ гэдгээ дахин бичье. Мэргэжил талаасаа малчин гэж тусгай, онцгой, хосгүй сайхан мэргэжил хэмээн уран сайханддагийн эсрэгээр малчид бол мал адуулагч гэхээсээ мал манагч, мал сахигч, сүргийн сахиур, тэр сахиурын ажилдаа амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхдээ хайр найргүй золиослоод сууж байдаг юм байна гэдгийг дахин дахин харж мэдэрч ирчхээд бичиж байна. Хайран ч залуу нас, хайран ч хүүхэд нас, хайран ч хүн, хайран ч бүсгүй гэж харуусмаар, нүд халтирмаар амьдарч, бас тэр гаслангаа мэдэхгүй хэнэг ч үгүй сууж байгаад сэтгэл эмтрээд бичиж байна. Асар үнэтэй, алдаж болохгүй алтан цаг хугацааг алхайтлаа хэвтээд өнгөрүүлж байгааг нь ойлгохгүй болоод бичиж байна.

Дал, ная, ер, зуун жил хөгжчихсөн сумын төвүүд нь тоос шороо хогондоо дарагдсан, шалбааг тогтсон, золбин нохой бүчсэн, орчин цагийн ганц ч барилгагүй, ядаж боловсон гэж хэлүүлэх ганц ч жорлонгүй, хэдэн дэлгүүр, гуанзнаас өөр амьдралгүй үхмэл балгас болчихсон байхыг замын сумдаас харлаа.

Замын хүний бодол шүү! Гуанз дэлгүүрийг нь эс тооцвол ер нь орлого олдог ганц ч салбар суманд алга. Өөрийгөө өөд татаж тэтгэдэг ганц ч аж ахуй байхгүй. Ядаж гар нийлээд зам харгуйгаа засаад тохижуулаад аж төрж болдоггүй юм байх даа. Нэг загварын хашаа байшинтай бай гээд захирамж гаргачих овсгоотой дарга тэр суманд ганц ч ажиллаж байгаагүй бололтой. Социализмын үеийн коммунист субботник гэдгийг сумын төвд л сэргээмээр санагдлаа. Сум гэдэг нь тэр чигтээ орлогогүй, төрөөс мөнгө өгөхгүй бол ядуурч хоосроод нураад унахад яг бэлэн байна. Харин тэр гаслангаа сумын төвийн иргэд мэдэхгүй хэнэг ч үгүй, дор дороо хувиа хичээгээд сууж байгаад сэтгэл эмтэрлээ. Сумын төвийн алаг эрээн хашаа байшин, алсаас харагдах эрээн бараан олон дээвэр, хүн болгоных нь барьсан гар утас, хөлхөлдөх мотоцикл, ярайсан хоолны газрууд, хэдэн дэлгүүр, бензиний цонжууд чинь хөгжил биш шүү дээ.

Хөдөөнөөс буцаж ирээд үзгээ хурцлахаар шийдээд бичиж байгаа хэрэг шүү дээ. Увсын Завхан суманд гурван малчин өрхтэй танилцсан. Хяргас нуур бараадан отроор зусч байгаа гэв. Үндсэн ажил алба нь тэр хэдэн хонь. Тэр хэдээ л эсэн мэнд харж дурандаж, адуулж байхаас өөр энэ хорвоод жаргал үгүй бололтой. Амьдрал гэж даан ч олхиогүй, бүр дэндүү арчаагүй. Зүйрлэвээс мал нь бэлчиж байдаг, хүн нь хэвтэж байдаг, ердөө тийм л амьдрал. Социализмын үед нэгдлийн мал хэл үгтэй, цалинтай харж манаж маллаж байсан бол одоо хувийн хэдэн малынхаа өмнө яг сөхөрч унажээ. Азаар давхиж ирээд дарамтлах нэгдлийн дарга, намын үүрийн дарга гэж алга болж дээ.

Хонь төхөөрүүлэхээр тохирсон тэр айлдаа очлоо. Эзэгтэй нь зуухны өмнө галын хайч бариад сууж байна. Бусад нь, хөгшин залуу арваад хүн халуунаас залхан хэвтэцгээнэ. Тамхи ороон хуучилж байна. Нэг нүдний дурангаар хонио дурандчихаад л. Арван хэдтэй хүү нь мотоциклоор хонио хураана, чөдөртэй хоёр морио ч мотоциклоор хөтлөөд давхиулна–Монгол малчин өрхийн өдөр тутмын амьдралын зураглал

"Би өөрийгөө арчлуулах гээд байгаа юм биш, Та нарт хандаж ярьж байна. Та бүхэн минь тэгж тэгж амьдар, гурван айл нийлээд нөхөрлөл байгуул, зээл ав, худаг гаргуулаад худаг дээрээ гурван айлын тохилог сууц бариул, худгаа түшээд хүнсний ногоо, малын тэжээл тариалах талбай гарга, эргэн тойрон хашаа татуулаад торд, гурван айл ажлаа хуваарилж ав, Та нар харьцангуй залуу улс байна, үлдэх амьдралаа ингэж өнгөрөөж болохгүй. Та нар сайхан амьдрах хэрэгтэй, Та нарын аз жаргал чинь Та нарын мэдэлд тун ойрхон байна. Хэнд ч захирагдахгүй байна гэдэг чинь аз жаргал биш. Сэтгэл тэнүүн, соёлтой, сонирхолтой, үр бүтээлтэй, элбэг дэлбэг, нийнтэггүй ажиллаж амьдрахыг аз жаргал гэнэ.

Ингэж зуны халуунд Та нар хонио дурандчихаад зүв зүгээр хэвтэж байх хэрэггүй. Наад малаа үйлдвэрлэл, хөрөнгө, мөнгө болго. Наад цагаан идээгээ бүтээгдэхүүн болго. Бүх техник технологи нь Монголд ороод ирчихсэн, аймгийн төвийн зах дээр ч байгаа байх. Буриадууд гэж их ажилсаг хүмүүс бий, тэднээс суралц. Хөгжихөд чинь саад болох хэн ч байхгүй, бүтээн байгуулах эрх чөлөө гэж байдаг бол түүнийгээ одоо л эдэлдэг цаг. Барлаг амьдралаасаа сал!" хэмээн би ухуулан ярилаа. Хүнсний хувьсгал зайлшгүй, энэ хувьсгалыг Та нар л хийнэ. Та нарын төлөө, эх орны төлөө хувьсгал шүү гэдгээ эвтэйхэн зөвлөгөө хэлбэрээр би гаргаж тавьсан нь энэ.

Тэд гэж амгалан улс, миний ярихыг чих тавин сонсох ба ер нь амьдралдаа тийм зөвлөлгөөг анх удаа авч байгаа бололтой. "Тань шиг ингээд хэлээд зөвлөөд өгдөг хүн байдаг ч болоосой", "Ингээд хэлээд яриад өгдөг хүн байхгүй юм чинь" хэмээн уулга алдана. Тун энгийн, бүр бага сургуулийн хүүхдийн сэтгэдэг боддогийг асууна. Тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй, мөнгө байхгүй, мөнгө байхгүй, тэгээд бид яах юм гэх зовлонгоо тоочно. Сэтгэлгээ тун хариугүй, маш өчүүхэн, ердөө малынхаа хүрээнд сэтгэнэ.

Аав хүү хоёрт насны ялгаа байхаас мэдлэг, мэдээлэл, оюуны ялгаа гэж алга. Дөч гарсан эцэг нь эрх тэнэг хүүхэд шиг юм ярина. Яриа нь тэнэж төөрнө. Тогтвортой суугаад хэдэн үг сольчихгүй. Эх нь өдөржингөө гал тогоотой зууралдана. Биднээс ичисхийгээд л. Та нар олхиогүй арчаагүй байна, малынхаа боол мэт болжээ гэдгийг зөвшөөрөөд ичсэн хэрэг байх. Эр нөхөр нь тоох шинжгүй, бүр хадуураад Америкт малчнаар явуулж аль, тэнд ямар ч мал дээр би ажиллаж чадна гэх нь тэр. Шалгуур гээч юм байна уу гэлээ. Англи хэлтэй, хөдөө аж ахуйн боловсролтой байх хэрэгтэй хэмээн хэлтэл "Өө, үхсэн баас" гэж хариуллаа. Мал маллахад англи хэлээр үхсэнээ хийдэг юм гэж байгаа бололтой.

Тэдний улс төржсөн яриа: МАН сонгуулийн өмнө 25 малчин өрхөд малжуул хэмээн тав таван сая төгрөг өгсөн, Чойжилсүрэн гишүүний жиипний арын хоёр яндангийн юу юу яадаг, Цогтгэрэл гишүүн УБ-аас компьютерээсээ Увсын малчдын малын бүтээгдэхүүнийг харчихаад худалдан аваад байх юм гэнэ лээ гэсгээд тэдний яриа өндөрлөнө. Ертөнцийн тухай анхны, наад захын ойлголт алга. Бичиг үсэгт тайлагдсан л байгаа даа.

Хоол хийж байнаа. Зуны халуунд умгар гэрийг халтал гал түлээд л. Бүхэл мах, бөөн гурил. Эрхбиш кечуп, цуу малчны гэрт нэвтрээд оччихож. Сумын төвийн гуанзнуудад нийтийн хоолны наад захын ойлголттой тогооч алга. Ердөө л бор зүрхээрээ. Өөрсдөө гэртээ иддэгээ л хийж байна. Тэрийгээ гайгүй үнэлчихсэн. Тэгсэн хэрнээ хийж гийгүүлж байгаа хоол хош гэж бараг байхгүй. Гурил мах л хутгаад бол оо. Мах нь хатуу. Тос амтагдсан, аргуу, гэдсэнд цөвтэй, хордлого өгч мэдэх хоол замын бид худалдан авахаас өөр яахав.

Ямар лам, үзмэрч нь лүндэг буулгасан юм? Мах гаргадаггүй өдөр гэх нэг өдөртэй. Худалдан аваад төхөөрүүлээд хөлдөөгчид нь хадгалуулчихсан махаа аваад хөдлөх гэтэл мах гаргадаггүй өдөр гээд тэнд нь чануулж идэв. Үмх мах үлдээгээд ардаа байгаа хоёр нөхөртөө өгнө гэтэл гаргадаггүй. Бүр үйлээ үзэн байж нөгөө их махаа идэж бараад мордоцгоов.

"Хуучин хүү" зохиолын хөмөрсөн тогоон доторхи хөдөөгийн байдал, шалдар булдар амьдрал лав бидний аялсан нутагт ийм л дүрслэлтэй байна. Гар утастай, гаднаа портер, 69-тэй, мотоциклтэйг нь эс тооцвол орос-зөвлөлтийн нэрт эрдэмтэн Иван Майскийн 1921 онд бичиж үлдээсэн зарчимлаг залхуу, лойж нурсан Монголын хөдөө 100 жилийн дараа яг хэвээрээ байж байх шиг. Майский бичсэн нь:–Ахуйгаасаа үүдсэн төрхийн назгайрал, ажил хийх чадвартай боловч зүгээр суух ясны залхуу чанар, ажил хийх дургүй, юу ч хийхгүй байхыг бүхнээс илүүд үздэг, малаа харсан хариулсан болоод гэртээ хэвтэж өнгөрөөдөг, цагийн үнэ цэнийг ойшоодоггүй, хорвоогийн өдөр олон хэмээн аливааг хойш тавьдаг, цэвэрч бус, усанд ордоггүй, хувцсаа угаадаггүй, харанхуй бүдүүлэг, мухар сүсэгт баригдсан, чөтгөр байдаг гэдэгт итгэдэг гэхчлэн жагсаж өгнө.

Үргэлжлэл бий

НИЙТЭЛСЭН: Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны судлаач, профессор Д.БАЯРХҮҮ