Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.02 15:57
4243
Н.Алтанхуяг: Зүгээр л цэцэг өргөсөөр 25 жил боллоо
Өнөөдөр С.Зориг агсны харамсалтайгаар нас барсан өдөр. Эл өдөр улс төрийн намын төлөөллүүд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цахим хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр"Зүгээр л цэцэг өргөсөөр 25 жил боллоо!
С.Зориг агсан бид 2 нэг Засгийн газрын гишүүд байлаа. Талийгаач Дэд бүтцийн сайд, би Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд. 1998 оны тэр орой дуудагдан очиход талийгаачийн гэрт манай Засгийн газрын гишүүд бас бус олон хүн цугласан байв. Хэргийн газарт, гэрт нь тийм олон хүн замбараагүй орсон байхыг хараад гайхаж байлаа.
Хэрэг гарах үед Ерөнхийлөгч байсан Н.Багабанди үргэлжлүүлэн 7 жил Ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Хожим Ц.Элбэгдорж бас Ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан. 7,8 жил бол богино хугацаа биш. Ц.Элбэгдорж буухынхаа өмнө энэ хэргийг “илрүүлж байна” гэж будилаан хутгаад, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Зоригт нь өөрөө шүүх хуралдаанаа даргалж хэдэн хүнийг хэрэгтэн болгосон ч тэр хүмүүс нь цагаадчихсан.
Тэр ч байтугай хэрэг гарах үед Цагдаагийн даргаар ажиллаж байсан Мөрөн 2000 оны сонгуулиар “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж шоудаад УИХ-ын гишүүн болсон түүхтэй.
Бас тэр үед Нийслэлийн Цагдаагийн дарга байсан Ганболдыг хожим Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа АТГ-ын дарга болгосон. Одоо ч тэгээд алуулсных нь хохь, амьдынх нь зол болж цэцэг өргөж шоуддаг л өдөр болж дээ, харамсмаар. Хэдий болтол хэдэн хүн энэ хэргийг илрүүлнэ, илрүүлж байна гэж шоудах юм бол?
Энэ хэргийг үнэнээр нь илрүүлэх хүсэл анхнаасаа байгаагүй юм шиг, одоо ч байхгүй юм шиг" гэжээ.