Парк шинэчлэл нэрийн дор сүр дуулиантайгаар, Үндэсний аюулгүй байдалд хамааруулан оруулж ирсэн 80 ногоон автобусны хэрэг нийт Монголчуудын анхаарлын төвд байна.
Ногоон автобусны хэргийн талаар задалбал,
- НЗДТГ-аас холбогдох албаныхантай хамтран хэвлэлийн хурал хийв.
- Автобуснуудыг төв талбайд байршуулан иргэдэд нээлттэй танилцуулав.
- "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал болон "Дэү" компанийн удирдлага гэгчүүд Монголчуудаас уучлалт гуйж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ араас нь худал мэдээлэл тараасан зарим иргэн, хэвлэлийн байгууллагыг шүүхэд дуудахаа мэдэгдэв.
- Цаашлаад өнгөрсөн шөнө АТГ болон ЭЦА-ы хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, шалгалтын ажлыг эхлүүлэв.
- “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А. Ганхуяг, тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мөн тус газрын хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулж, Цагдан хорих 461-р ангид шөнийн 01:00 цагийн орчимд хүргэв.
Ингээд өнөөдөр Нийслэлийн түгжрэлийн асуудал хариуцсан Үндэсний хорооны дарга, Ж.Сүхбаатар сайд хариуцлага хүлээж огцорч байгаа зарласнаар дуулиант автобусны хэрэг үргэлжилж буй. Харин нөгөө талд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уг ногоон автобусны асуудалд огт хамааралгүй хэмээн мэдэгдсэн.
Ямартай ч хэрэг үргэлжилж, буруутай этгээдүүд ял шийтгэлээ авна. Гэхдээ энэ дундуур уснаас хуурай гарч болзошгүй этгээдүүд бий. Тодруулбал, НЗДТГ-ын дарга И.Баатархүү болон автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгуулж, "Тэнүүн-Огоо" компанийг гүйцэтгэгчээр шалгаруулсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нар доод албан тушаалтнуудаараа туг тахиж өөрсдөө гэм зэмгүй үлдэх атгаг санаа агуулж байж болзошгүй хардлага бий.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайваны тухайд Ж.Сүхбаатар сайдын гарын хүн бөгөөд өмнө нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Хэвлэлийн хурлын үеэр тэрээр "Ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан, гүйцэтгэл одоогоор зөрчигдсөн зүйл байхгүй" хэмээн барин тавин мэдэгдэж байсан ч өнөөдөр хэргийн зангилаа тайлагдаж эхлэх үйл явц өрнөж байна.
318 тэрбум төгрөгийн худалдан авалтын цаана хэр хэмжээний авлига, хээл хахууль нуугдаж буй нь одоогоор тодорхойгүй ч хэн нэгний эрх ашиг нуугдаж буй нь мэдээж. Хэрэвзээ ядарсан иргэдийнхээ татварын мөнгөөр туйлсан этгээдүүдэд зохих ял шийтгэлийг амсуулж чадахгүй, дан ганц хувийн хэвшлээ буруутган аргацаагаад өнгөрвөөс иргэдийн тэвчээрийн хязгаар тасрахад ойрхон буйг эрх баригчид эрхбиш ойлгож буй биз ээ!