Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.03 09:01
10325
Нийслэлийн 311-р цэцэрлэг одоог хүртэл халаалтгүй хичээллэж байна

Баянзүрх дүүрэг 26-р хороо Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш 157-р сургуулийн зүүн талд байрлах Нийслэлийн 311-р цэцэрлэг одоог хүртэл халаалтгүй байна. Албан байгууллага болоод боловсролын шатны бүх байгууллагын дулааныг 9-р сарын 15-н гэхэд холбох ёстой байдаг. Гэтэл 320 хүүхдийн багтаамжтай тус цэцэрлэг одоог хүртэл халаалтгүй,хүйтэн ангид 2-5 насны хүүхдүүд хичээллэж байна.

Энэ талаар цэцэрлэгийн менежер н.Нандин-Эрдэнээс утсаар тодрууллаа. 

Танай цэцэрлэг яагаад одоо хүртэл халаалтгүй байгаа вэ?

Манай цэцэрлэг энэ онд ашиглалтад орсон, дулааны асуудлын хувьд анх 9-р сарын 15-нд ирнэ гэсэн боловч одоог хүртэл ирээгүй байна. Жанжин клуб болон Япон Монголын эмнэлгийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дулааны 2,6 км-ийн зайтай тавигдаж байгаа дулааны шугамын ажлаас болж ийнхүү манай халаалт зогсонги байдалтай байна. 

Боловсролын байгууллагын холбогдох газарт хандсан уу? Ямар хариу өгсөн бэ? 

Анхнаасаа бүх холбогдох газарт хүсэлтээ өгөөд явж байгаа, эцсийн байдлаар 9-р сарын 26-нд ирнэ гэсэн хариу авсан ч мөн л хугацаандаа ирээгүй. Дахин тодруулж холбогдох газруудад хандахад  10-р сарын 2-нд сүүлийн хугацаа гэсэн боловч мөн л өчигдөр халаалт ирсэнгүй. 

Шалтгаан нь гэвэл баг багаар халаалтаа өгөхгүй бол гэмтэл гарна гэдэг тайлбарыг хэлсэн. 

Манай цэцэрлэг 320 хүүхдийн багтаамжтай, одоогоор 200 гаруй хүүхэд явж байгаа. Хамгийн ачаалал өндөртэй хороо, улсын цэцэрлэггүй байж байгаад цэцэрлэгтэй болсон. 

Сүүлийн үед их хүйтэрч байгаа шүү дээ. Эцэг эхчүүдээс хүүхдүүд ханиад томуу хүрлээ гэсэн гомдол байна? 

Бид аль болох наран талд байрлах ангиа сонгож хичээлээ орж байгаа. Өнөөдөртөө багтаж халаалт ирнэ гэсэн" гэв.