Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.09 14:47
5916
"Барс" зах дээр амиа алдсан залуугийн хэрэгт холбогдсон Ч-г яллагдагчаар татжээ
 
ЦЕГ-аас ирүүлсэн мэдээллээс...
"Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэр бүхий иргэдээс “Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч нь 50 сая төгрөгийн хахууль авсан нь илэрсэн ч торгуулаад өнгөрсөн. Барс зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй таван жил болж байгаа талаар” мэдээлэл хийгдэж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлэл нийтлэгджээ.
 
Тодруулбал: Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс-1 худалдааны төвийн хашаан дотор 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн “Т” амь хохирсон хэрэгт тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
 
Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, “Ч”-д холбогдох хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлснийг тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулахаар прокурорт буцаажээ.
 
Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газарт харьяалал тогтоож ирүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, “Ч”-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналтай 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.