Нийгэм
2023.10.09 17:08
2441
“Хүнсний хувьсгал” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, дүрмээ баталлаа

Өнөөдөр /2023.10.09/ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдийн "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллага хуралдаж, дүрмээ баталлаа.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын индэр дээр зарлан эхлүүлж байсан. Энэхүү хөдөлгөөний зорилго, зорилтыг биелүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид томоохон үүрэг гүйцэтгэнэ. Иймд удаан хугацаанд төрийн бодлогоос гадуур орхигдож ирсэн баялаг бүтээгчдээ дэмжих ажил монгол орон даяар эрчимтэй өрнөсөн нь бодит үр дүнд хүрч эхэлсэн. Үүнд урамшин, илүү их үр дүнд хүрэх, эрчээ сулруулахгүйн тулд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийг нэгтгэсэн албан ёсны төрийн бус байгууллага байгуулсан нь "Хүнсний хувьсгал" ТББ юм.

Энэхүү төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд хүнс, хөдөө аж ахуйн 25 салбарын төлөөллүүд багтаж, "Хүнсний хувьсгал" болон өрнөж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд санал хүсэлтээ илэрхийлж, бусад үйлдвэрлэгчдээ мэдээллээр шуурхай хангаж, дотоодын хүнсний хэрэгцээгээ хангахаас гадна монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн тавцанд гарахын төлөө нэгдэж ажиллах юм.

Мөн "Хүнсний хувьсгал" ТББ-д:

  •  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх С.Лүндэг
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал
  • Моннгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар ажлын хэсэгт нь багтан, тус байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, урагш явахад нь дэмжлэг үзүүлэх юм.