Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд "Монгол-Францын бизнес форум", "Баялаг бүтээгч - Business tour in France" арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 11-с 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын бизнес эрхлэгчдэд хандан: "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал" гэсэн үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж байна. Эдийн засгийн чухал ач холбогдолтой дээрх үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, ялангуяа Франц Улсын мэдлэг, туршлага, дэвшилтэт техник технологи, инновац болон хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй. Нэн ялангуяа хоёр орны хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад форумын гол зорилго оршиж байна" гэлээ.
Мөн БНФУ-ын Засгийн газрын Жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд хатагтай Оливиа Грегорие, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Францын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний Франц-Монголын бизнес зөвлөлийн тэргүүн Клауде Имаувэн нар нээлтийн үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийж буй айлчлалын хүрээнд зохион байгуулж буй "Монгол-Францын бизнес форум" болон "Баялаг бүтээгч-Business tour in France" арга хэмжээ нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах өндөр ач холбогдолтой. Монгол улс "Хүнсний хувьсгал"-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсын, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн стандарт, ноу хауг судлах шаардлагатай. Цаашид бизнес эрхлэгчдэд зориулсан олон улсын бизнес тур, арга хэмжээ тогтмол зохион байгуулагдана. Тэдгээр арга хэмжээг дагаад хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлсэн олон улсын туршлага, хамтын ажиллагааны талаар цуврал нэвтрүүлгийг бэлтгэн ард түмэндээ хүргэх болно. Дараагийн аялал Монгол-Вьетнамын бизнес форум ,бизнес аялал нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр зохион байгуулагдана" гэв.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин: "Монгол Улсын хувьд Франц улс нь гуравдагч хөрш, тэр дундаа Европын холбооны хамгийн гол хамтрагч улс агаад хоёр талын хамтын ажиллагааны гол цөм нь бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүд байх болно. Франц улсын эдийн засгийн олон салбарууд, тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, стандартыг Монголын бизнес эрхлэгчид суралцах сайн жишиг гэж үздэг бөгөөд эдгээр чиглэлд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна" гэлээ.
Бизнес эрхлэгчид эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинэ үеийн хөдөө аж ахуй, хамтын ажиллагааны боломжууд, сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүй, мэдээллийн технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инновац зэрэг сэдвүүдээр илтгэл тавив.
"Монгол-Францы бизнес форум"-д хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, барилга байгууламж, аж үйлдвэр, банк санхүү, технологийн болон бусад салбарыг хамарсан хоёр улсын нийт 300 гаруй бизнес эрхлэгч оролцож, санал бодлоо солилцлоо.
Арга хэмжээ Монгол улсаас оролцож буй бизнес эрхлэгчид тус улсын хүнс, хөдөө аж ахуйн болон эрчим хүч, технологийн салбарын аж ахуй нэгжүүдтэй танилцаж, туршлага судлах "Баялаг бүтээгч - Business tour in France" аялалаар үргэлжиллээ. Үндэсний үйлдвэрлэгчид Франц улсын хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, технологийн салбарын аж ахуй нэгжүүдтэй танилцлаа.
Бизнес эрхлэгчид өөрсдийн эрхэлж буй бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх сайн түншийг олох үр дүн бүхий бизнес тур болж байгааг онцлов. Францын бизнес эрхлэгчдийн зүгээс "Монголчуудтай хамтарч ажиллахдаа хөрөнгө оруулагч гэхээсээ илүү бизнест хамтран ажиллах сайн түншийн харилцаатай байхыг хүсч байна. Олон шинэ төслийг хамтран амжилттай хэрэгжүүлэхийг хүсч байна" хамтарч ажиллах боломжийг хайн ирсэн монголын баялаг бүтээгчдэд баярласнаа илэрхийллээ.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Парис хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, БНФУ-ын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн, Франц Монголын бизнес зөвлөл хамтран зохион байгуулав.