Нийгэм
2023.10.18 17:18
2443
УРГАНА БРЭНД ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ УРГУУЛНА

“Монголын уламжлалт анагаах ухааныг Дэлхийд таниулсан эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэх алсын харааг өвөртөлсөн хамт олон бол “Ургана” брэндийг бүтээгчид юм. Анхан шатны боловсруулалтаас эхлээд бүгдийг Эх орондоо ургуулан үйлдвэрлэж байгаа тэднийг бид энэ удаагийнхаа “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгтээ онцолж байна.

Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн нэн эртний түүхтэй бол “Ургана” натурал гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр нь тасралтгүй 10 үе дамжсан 500 орчим жилийн түүхтэй өв тээгч юм.

“УРГАНА ИНДАСТРИ” ХХК нь  Монголын уламжлалт анагаах ухааны жороор эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Одь Тан” ХХК-аас өрх тусгаарлан үүсгэн байгуулагдсан гоо сайхан, ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч билээ.

Тэд Төв аймгийн Баянчандмань суманд байрлах (органик) эмийн ургамлын талбай дээрээ 50 гаруй зүйлийн эмийн ургамлуудыг тарималжуулан,  Монгол орны шимт хөрсөнд ургасан байгалийн зэрлэг эмийн ургамлуудыг ашиглан гол түүхий эдүүдээ бэлтгэн үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Ургана брэнд нь одоогоор 50 орчим төрлийн органик гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнчлэн Монгол оронд косметикийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор 10 гаруй брэндүүдийн 30 гаруй бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүн бүр 80-100 хувь органик шинж чанарыг агуулдаг.

Ургана брэнд нь дэлхийд анх удаа аарцтай шүдний оо-ны технологи боловсруулж хуурайшуулсан аарцыг анх удаа дэлхийн оо-ны зах зээлд нэвтрүүлсэн байдаг. Мөн вокны зах зээлд ноолуур угаадаг технологийг боловсруулж, ноолуурын компаниудын ноолуур угаах шингэн авахад зарцуулдаг мөнгөн урсгалыг дотооддоо чиглүүлсэн билээ.

Тус брэнд нь үсний сэт бүтээгдэхүүн болох үс ургуулах тоник, халгайн үрийн тос, шампунь, ангижруулагч болон үс ургуулах хоёр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний технологи боловсруулж, үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлж байна. Үс арчилгааны органик "Ургана" брэндийн бүтээгдэхүүн нь селконий агууламжгүй бөгөөд сав нь 98 хувийн улаан буудайн сүрлээр хийгдсэн. Энэхүү сав нь 1.5-1.8 жилийн дараа хөрсөнд 100 хувь задрал явагдаж, байгальд ямар ч хор хөнөөлгүйгээр уусаж алга болдог.

Хүний үс унахад стресс болон бүтээгдэхүүний сонголт маш чухал нөлөөтэй. Тэгвэл тэд үс арчилгаандаа силиконы агууламжгүй, органик бүтээгдэхүүн сонгож ус уналтаас сэргийлэх органик савлагаатай бүтээгдэхүүнийг бий болгосон юм.

Монгол оронд нийт 3200 орчим зүйлийн ургамал байдгаас 800 орчим зүйл нь эмийн ургамал юм. Иргэд эдгээрээс дур мэдэн зохист бус байдлаар түүснээр устаж үгүй болох аюул тулгарч байна. “Ургана” брэнд нь энэхүү эрсдэлээс сэргийлж түүхий эд болох эмийн ургамлуудаа суулгацаар тарьж ургуулан бүтээгдэхүүндээ ашиглаж байна. 

Ургана брэнд нь ийнхүү экологийн цэвэр органик түүхий эд, бүтээгдэхүүнийг гэр бүлийнхээ хэрэглээнд нэвтрүүлснээр эрүүл мэнддээ  ухаалаг хөрөнгө оруулаад зогсохгүй байгаль дэлхийгээ хайрлах амьдралын хэв маягийг тэд дэлхий ертөнцөд түгээсээр байна.