Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.11.01 14:12
794
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын "Ной Бай" олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам зэрэг албаны төлөөлөгчид угтан авлаа.

Энэ сарын 01-05-ны өдрүүдэд үргэлжлэх төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцана.

Энэхүү айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч "Монгол, Вьетнамын бизнес форум"-д оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд:

  • "Монгол-Вьетнамын бизнес форум" арга хэмжээ 2023 оны 11 сарын 2-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд хоёр улсын нийт 160 гаруй бизнес эрхлэгч оролцоно.
  • "Монгол-Вьетнамын бизнес тур" аялал 2023 оны 11 сарын 3-ны өдөр зохион байгуулагдана. Бизнес аяллаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар нараар ахлуулсан 80 гаруй бизнес эрхлэгчийн төлөөлөл Вьетнам улсын хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэрийн салбар үйлдвэрүүдтэй танилцах юм.