Бээжин хотноо 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалт нь “Хамтын аюулгүй байдал, өнө мөнхийн энх тайван” үзэл санааны дор зөвшилцлийг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх үндсэн зорилгын дор зохион байгуулагдав.
Уг чуулга уулзалтад Ази, Номхон далай, Африк, Европ, Латин Америкийн 22 орны Батлан хамгаалахын сайд нар, нийт 88 орны 600 гаруй батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний удирдлага, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид олон улсын аюулгүй байдлын талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлж, цэргийн итгэлцлийг гүнзгийрүүлсэн чухал арга хэмжээ боллоо.
Айлчлалын хүрээнд сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал хошууч генерал Сүй Хуйгийн хүсэлтээр тус сургуульд зочлон сургуулийн үйл ажиллагаатай танилцсан ба талууд хоёр улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхээр харилцан тохиролцов.
Энэ үеэр хошууч генерал Сүй Хуй Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт тус сургуулийн “Хүндэт төгсөгч” тэмдэг гардуулав.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Стратегийн дээд дамжааг 2001 онд төгссөн бөгөөд “Хүндэт төгсөгч” тэмдгээр шагнуулсан анхны төгсөгч боллоо.