Монголын Байт харвааны холбооны Их хурлаар Х.Отгонтуяаг тус холбооны Ерөнхийлөгчөөр сонголоо. Тэрбээр 1983 онд анх байт харвааны спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2009 оноос холбооны Удирдах зөвлөл, 2018 оноос дэд Ерөнхийлөгчөөр өнөөдрийг хүртэл ажиллаж байв.
Холбооны Ерөнхийлөгч Х.Отгонтуяа нь анхны эмэгтэй удирдагч болж байгаагаараа онцлогтой бөгөөд бусад спортын холбоодын хувьд ч анхдагч эмэгтэй Ерөнхийлөгч юм. Тэрбээр байт харваагаар одоо ч хичээллэж буй.
Тус холбооны Ерөнхийлөгч Х.Отгонтуяа нь зөвхөн спорт гэлтгүй урлагийн салбарыг үргэлж дэмжиж ирсэн нэгэн. Урлаг, спортын салбарынханд дэмжлэг чухал бөгөөд цаашид уран бүтээлээ амжилттай туурвихад маш том дэм, тус болж байдаг билээ.
Энэ ч үүднээс Х.Отгонтуяа нь өнгөрсөн хугацаанд сонгодог урлаг болох балетын хэд хэдэн жүжгийг ивээн тэтгэж байсан юм. Мөн рок, попын нэгэн үеийн томоохон төлөөлөл болсон "Инээмсэглэл" хамтлагийн продьюсероор ажиллаж, 2010 онд анхны цомог болон бие даасан тоглолтыг нь амжиллтай зохион байгуулсан билээ.
Түүнчлэн морин хуурч СТА Н.Жигжиддоржийн анхны бие даасан уран бүтээлийн тоглолтыг продьюсрлосон гэх мэтчилэн урлаг, спортод элэгтэй, уран бүтээлчдийг үргэлж дэмжиж, хамтран ажилладаг юм.