Өнгөрсөн амралтын өдөр орсон их хэмжээний цас нь зам талбай цэвэрлэх машин, техникийн дутагдалтайг бэлхнээ харуулж байна. Зам талбайд халтиргаа гулгаа үүссэнээс цас цэвэрлэх ажилд хот тохижилтынхон юуны түрүүнд дарагддаг бөгөөд энэ удаад ч хүрз барин давсаа цацсаар...
Хот тохижилтын ажилчид тэвшин дээр сууж давсаа цацаж буй энэхүү машин нь 2004 онд үйлдвэрлэгдэж, 2023 оны 3 дугаар сарын 16-нд импортлогдсон KIA BONGO 2700 загварын тусгай зориулалтын машин аж.
Монгол улсын хилээр нэвтрэн орж ирэх үеийн мэдээллээс харахад 1 тоннын даацтай, 300-500 кг-ын давс цацах савны багтаамжтай, хагас автомат, гудамж талбай цэвэрлэх зориулалттай гэсэн байна
/Хагас автомат, гудамж талбай цэвэрлэх зориулалттай машин/
/141.5 сая төгрөгөөр худалдаж авсан зам талбай цэвэрлэх бага оврын машин/
Мөн зам талбай цэвэрлэх тусгай зориулалтын бага оврын 20 ширхэг машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр жилийн өмнө авч, хот тохижилтын газар хүлээлгэн өгсөн байна.
Энэхүү машин нь жилийн дөрвөн улиралд тэртусмаа 35 хэмийн хүйтэнд ажилладаг "Батсээр" компани тендерт шалгарч, нэг бүрийг нь 141.5 сая төгрөгөөр авчээ.
Өнөөдөр зам талбайн нэг ажилтан 10 мянган ам метр талбай цэвэрлэдэг бол нэг ийм машин 8 хүний өдөрт хийх ажлыг хөнгөвчилнө. Ингэснээр цаашид хогийн шүүр, хүрз зэргийг ашигладаг хоцрогдсон байдлаасаа салж, гар ажиллагааг багасгана хэмээн тухайн үед Хот тохижилтын газраас мэдээлж байлаа. Гэвч бодит байдал тэнгэр, газар мэт зөрүүтэй.
Өнөөдөр хүрз, хогийн шүүрнээсээ салалгүй, гар ажиллагаагаар цас цэвэрлэсээр 141 сая төгрөгийн үнэтэй бага оврын машин хүчин чадал нь дийлэхгүй байна.