Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2009 оноос хойш СХД-тэй холбогдож тус дүүргээс УИХ-д хоёронтой сонгогдсон. Нийслэлийн хамгийн том газар нутаг, хамгийн олон хүн амтай тус дүүргийг төлөөлж төрд суусан түүний хувьд УИХ-ын гишүүнхээ хувиар хийж гавьсан зүйл цөөн.
Харин 2020 оноос Хууль зүйн сайдаар ажилласан 3 жил гаруйн хугацаандаа салбартаа багагүй шинэчлэл хийж, хэд хэдэн томоохон хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар авилгачидтай хатуу тэмцсэн гэж олон нийтээс оноо авдаг.
Гэвч түүнийг хотын мээрээр томилогдоход нийслэлд бугшсан олон асуудлыг шийдэж чадна гэдэгт олон хүн эргэлзэж эхэлсэн. Сөрөг хүчний зүгээс ч хууль зүйн яаман дээрээ сэлэм эргүүлдэг шигээ хуумгай хандаж болохгүй гэдгийг сануулсаар байгаа бөгөөд нийслэлд төлбөртэй бүс байгуулж 27 мянган төгрөгийн хураамж авах асуудал ч өнөөдөр шүүмжлэл дагуулсаар байна.
Тэгвэл шинэхэн хотын дарга Х.Нямбаатарын /ХОМ/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцъя.
Өөрийн орлого 2018 онд 442 сая байсан бол 2022 онд 38 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн орлогоо 36 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна.
Түүнчлэн 1 тэрбум 43 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц 1, зуслангийн байшин болон 1 авто зогсоолтой бол 182 сая төгрөгийн Toyota, Land Cruiser 200 маркийн нэг автомашинтай.
Нийт 236 сая төгрөгөөр үнэлэгдэх 700 малтай. Тодруулбал, хурдан удмын адуу-35, үхэр-21, ямаа-157, хонь-444, адуу-43.
Мөн 25 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 12 сая төгрөгийн хадгаламжтай. Авлага болон зээлгүй.
Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК-д хувьцаа эзэмшдэг. Хамаг Монгол грүпп ХХК нь барилга угсралт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын 8-нд үүсгэн байгуулж 2017 онд эхнэртээ шилжүүлсэн байна.