Цагдаагийн байгууллагаас энэ оны 10 дугаар сард хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр насанд хүрээгүй 7 хохирогчтой, 8 холбогдогчтой, 3 бүлэг этгээдүүдийн гэмт үйлдлийг илрүүлэн дайчлан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд Хүн худалдаалах гэмт хэргийг зүйлчилсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд “Хүн худалдаалах” гэмт хэрэг үйлдэгчид цахим орчинд хуурамч хаяг үүсгэн өсвөр насны охидтой харилцаж, улмаар тэдний итгэлийг олж хувь хүний нууцтай холбоотой нүцгэн зураг, дүрс бичлэг зэргийг хуурч мэхлэх замаар авч олон нийтийн сүлжээнд тараана гэх зэргээр айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулж бэлгийн харьцаанд орохыг шаардах мөн гэмт этгээдүүд цахим орчинд “Санхүү өгнө” гэх зар мэдээллийг байршуулж охид, эмэгтэйчүүдийг олзлон авч, зодож, айлган сүрдүүлж хүчиндэх, нүцгэлж дүрс бичлэг хийж “Олон нийтийн сүлжээнд тавина, цагдаад өгнө” гэх зэргээр эрхшээлдээ оруулж, орон сууц, нийтийн байр хөлслөн зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэх, гудамж талбайд зогсоож биеийг нь үнэлүүлэх, тэдэнд үйлчлүүлэгч олж өгөх, саун массажны газарт массажист нэрээр, караоке бааранд зочдын ширээнд суулгаж мөлжих зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэж байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 20 хохирогчтой /насанд хүрээгүй 9/, 14 холбогдогчтой 10 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа насанд хүрээгүй хохирогчид дийлэнх нь гэр бүлийн таарамжгүй харилцаатай байдлын улмаас оршин суух газраа орхиж явсан хүүхдүүд байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, бусад байдлаас харагдаж байна.
Иймд олон нийтийн цахим сүлжээнд “Санхүү авна”, “Санхүү өгнө” гэх зар мэдээллийн ард хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх гэж санаархаж буй этгээдүүд байгаа гэдгийг анхаарч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.