Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.08 13:13
1133
Газын зурвастай холбоотой томоохон мөргөлдөөнүүд...

Израил улс аюулгүй байдлаа хамгаалах нөгөө талаас Палестин тусгаар тогтносон улс болохын төлөө тэмцэл үргэлжилсээр сүүлийн жилүүдэд нөхцөл байдал улам хүндэрч, хурцадмал байдалд хүрээд буй. 1948 оноос эхлэлтэй энэхүү мөргөлдөөнөөс хойш олон хүний эрдэнэт амь нас эрсдэж өнөөдрийг хүртэл тодорхой хэлцэлд хүрээгүй байна. 

Өнөөдрийг хүртэл болсон томоохон мөргөлдөөнүүд: 

- 1967 онд зургаан хоног үргэлжилсэн дайнаар Израил улс Иордан голын баруун эрэг орчмын нутгийг Иордан улсаас, Газын зурвасыг Египет улсаас булаан авсан байдаг. Тухайн үед хийсэн хүн амын тооллогоор Газын зурваст оршин суугчдын тоо 394000 байсан бөгөөд 60-аас дээшгүй хувь нь Палестин дүрвэгсэд болон тэдний үр удам байжээ.

- 1973 онд Египет, Сири улсууд Суэцийн суваг болон Голаны өндөрлөг дагуух Израилын байрлал руу гэнэтийн дайралт хийсэн ч Израил гурван долоо хоногийн дотор хоёр улсын армийг буцаасан байдаг

- 2005 онд Израил Газын зурваст суурьшсан иргэд болон цэргүүдээ эргүүлэн татсан хэдий ч Газын зурваст 2006, 2008, 2012, 2014, 2021 онуудад томоохон мөргөлдөөн гарсан хэвээр байсан бөгөөд эдгээр мөргөлдөөний хажуугаар хоёр ч удаа Иордан голын баруун эрэг, Газын зурваст Израилын түрэмгийллийг эсэргүүцсэн Палестины бослого гарч байв.

Энх тайвныг бий болгох оролдлогуудаас:

- 1979 онд Египет болон Израил улсууд энхийн гэрээ байгуулж байсан. Харин 1993 онд Израилын Ерөнхий сайд Ицхак Рабин, Палестиныг чөлөөлөх байгууллагын (Palestine Liberation Organization – PLO) тэргүүн Арафат нар Палестины хязгаарлагдмал автономит эрхийн тухай Ослогийн хэлэлцээрт гар барьсан ба дараа онд нь хамтдаа Ойрх Дорнодод энх тайвныг бий болгох хүчин чармайлтынхаа төлөө Нобелийн энх шагнал хүртэж байжээ.

- 2000 онд болсон дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, Израилын Ерөнхий сайд Эхуд Барак, Арафат нар оролцсон ч эцсийн энхийн хэлэлцээрт хүрч чадаагүй юм.

- 2002 онд Арабаас лигээс Израил улсад 1967 оны зургаан өдрийн дайны үед Палестины нутагт оруулсан цэрэг болон иргэдээ газар нутгаас нь эргүүлэн татаж Палестин улс байгуулахыг хүлээн зөвшөөрч, хариуд нь Арабын улсуудтай хэвийн харилцаатай байх тухай санал хүргүүлэхээр төлөвлөж байсан хэдий ч Хамас бүлэглэл Холокостоос амьд үлдсэн иргэдийн орогнож байсан Израилын зочид буудлыг дэлбэлснээр уг санал талаар болсон байдаг.

- 2014 онд Вашингтонд Израйль болон Палестинчуудын хооронд хийсэн яриа хэлэлцээ бүтэлгүйтсэнээс хойш цаашдын энхийн хүчин чармайлт одоог хүртэл зогсонги байдалд орсон байсан.

Палестины Хамас зэвсэгт бүлэглэл аравдугаар сарын 7-ны өдөр Газын зурвасаас Израилын нутаг дэвсгэр лүү довтолсноор сүүлийн 70 жилийн туршид Ойрх Дорнодын бүсийг бүхэлд нь тогтворгүй болгож байсан хоёр талын мөргөлдөөн хурцадмал байдалд хүрээд байна.