Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.08 16:43
3833
Заамар сум яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Засаг ноён, ял авсан ИТХ-ын даргаар удирдуулж байна

Төв аймгийн Заамар сум авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Засаг дарга Л.Амгаланбаяр, шүүхээс ял авсан ИТХ-ын дарга Б.Самбуу нараар удирдуулж байна. 

Тодруулбал, Тус аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаярыг АТГ-аас шалгаж буй. 

Түүнийг удаа дараа бусдаас хахууль авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж 2023 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар  нэг сарын  хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Шүүх яллагдагч Л.Амгаланбаярыг хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж болзошгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход саад учруулах үндэслэлийг харгалзан ийнхүү прокурорын саналын дагуу захирамж гаргасан байдаг. 

Гэтэл удаа дараагийн авлигын хэргийн үйлдэлтэй Заамарын Засаг өнөөдрийг хүртэл ажлаа хийж, хариуцлага хүлээгээгүй, эрх чөлөөтэй алхаж явна.  

/Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр/

Холбогдсон хэргийн талаар: 

-  Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр Хайлааст багт алтны бичил уурхайн чиглэлээр хувиараа үйл ажиллагаа явуулдаг иргэн Э.Бямбасүх ашиг сонирхлын үүднээс түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Цэндсүрэнгийн Хаан банкны дансаар дамжуулан ...... төгрөгийн хахууль авсан.

Төв аймгийн Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч С.Амгаланбаатарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, түүнээс хандив тусламж нэрийдлээр 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бэр эгч Ц.Чулууны Хаан банкны дансаар .........төгрөгийн хахууль авсан.

- Мөн тус сумын Хайлааст багт байрлах алтны бичил уурхайн чиглэлээр хувиараа үйл ажиллагаа явуулдаг “Зэумар Жалбо” нөхөрлөлийн эрхлэгч Г.Цэрэндагвын ашиг сонирхлын үүднээс түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн найз Г.Гүндсамбуугийн Хаан банкны дансаар ...... төгрөгийн хахууль авсан.

- “Гурван тамга” ХХК-ийн захирал Л.Лхагвасүрэнгийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр тус сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Болормаагийн дансаар дамжуулан ....... төгрөгийн хахууль авсан гэм мэт хэрэгт холбогдож улмаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан. мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Өөрөөр хэлбэл Заамарын засаг ноён уул уурхайн жижиг компаниудад давуу байдал бий болгож, өөрөө дундаас нь ашиг хүртдэг байсныг эндээс харж болно. 

 

/Төв аймгийн Заамар сумын ИТХ-ын дарга Б.Самбуу/

Заамар сумын ИТХ-ын дарга С.Самбуу нь мөн л ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн. Тэрбээр 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхээс ял авч, төрийн албанд ажиллах эрхээ хоёр жилээр хасуулан, 10 сая төгрөгөөр торгуульжээ.

Гэтэл түүнийг шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хассан байтал өнөөдрийг хүртэл ИТХ-ын даргын суудалдаа шигдсээр байна. 

 

Цаашид энэ мэт Төв аймгийн Заамар  сум ард иргэдээ бодож, сум орон нутгаа хөгжүүлэх бус  албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө бусдаас хахууль авч, өөртөө л давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг хүмүүсээр удирдуулсаар байх уу...