Бизнесийн гараагаа дэнжийн мянга худалдааны төвөөс хоёр сандалтайгаар эхэлж байсан “Бест буйдан” ХХК-ийн захирал Ү.Батбаяртай ярилцлаа. Түүний хувьд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Бест буйдан” ХХК-ийн өнөөдрийн түүхийг хуваалцсан юм.
-Таны хувьд бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байв. Хэзээнээс сийлбэр хийж эхэлсэн бэ?
Би аавынхаа гарын ур дүйг өвлөж авсан гэж боддог. Хонь хариулж байхдаа шилбүүр дээрээ сийлбэр хийгээд л суудаг хүүхэд байсан. Хамгийн анх сийлбэртэй модон ор хийгээд түүнийгээ тугалтай үхрээр сольж ээжийгээ баярлуулж байлаа. Миний хамгийн анхны бүтээл болохоор түүнээсээ их урам авсан.
-Та яагаад “Бест буйдан” ХХК-ийг байгуулах болсон бэ?
Би сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлч мэргэжлээр төгсөөд хэдэн талаас шуураад л ажилд авах байх гэж бодсон ч тийм байгаагүй. Тэгээд өөрийнхөө чаддаг зүйлийг хийе гэж шийдсэн. Анх айлуудын тавилга засдаг байсан. Тухайн үед үеийн найзууд костюм, пиджактай, ажил нь амжилттай явж байхад би ажлын хувцастай тавилгаа засаад л явж байсан. Үеийн найзуудаа хараад ерөөсөө л болъё, мэргэжлээрээ ажиллая гэж шийдсэн. Үндэсний үйлдвэрлэгчдтэй ярилцдаг нэвтрүүлэг хийх гэсэн боловч оролцох зочин олдоогүй.
Тэгээд л өөрийнхөө чаддаг зүйлийг хийж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж шийдсэн.
-Бизнесээ эхлүүлэхэд мэдээж амаргүй байсан байх, шантрах үе бий юу?
Шантрах үе бий бий. Монголд үндэсний үйлдвэрлэл эрхлэхэд олон асуудал тулгардаг. Хамгийн анх подвалоос эхэлж байлаа. Ойр дотны хэдэн хүмүүсээ цалинжуулаад буйдан хийж эхэлсэн. Үнэхээр одоо л болъё гээд шантраад, бууж өгч байсан чинь манай ажил дээр нэг залуу ирсэн. Тэр залуу “Би замын үүдэд байдаг. Эрээнээс тавилга аваад лоунжаа нээж болох ч би Хятад руу биш Монголдоо хөрөнгө оруулалт хиймээр байна. Чамайг чадна гэж би мэдэж байна” гээд надад их хэмжээний буйдангийн захиалга өгсөн. Надад урьдчилгаа мөнгө өгөөд, ажилчдад маань хүртэл урамшуулал болгож мөнгө өгсөн. Надад болон ажилчдад маань маш их урам өгсөн. Үүнээс хойш олон бэрхшээл тулгарсан ч шантралгүй явсаар өнөөдрийн “Бест буйдан” бий болсон доо.
-Монголд бизнес эрхлэхэд хүндрэлтэй зүйл юу байна. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжиж ажиллавал зүгээр санагддаг вэ?
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжих хэрэгтэй гэж боддог. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл гэж байдаг ч төдийлөн нүдээ олдоггүй. БНХАУ-д гэхэд л авто машинд оногдуулах татвар өндөр байдаг учир дотоодын үйлдвэрлэл нь илүү хөгждөг.
Нэг ийм кейс байдаг. Монгол, Солонгос хоёр оюутан ам нь цангаад зайрмаг авахаар дэлгүүр ордог. Монгол оюутан Орос зайрмаг авсан бол Солонгос оюутан Чокопае авсан байдаг. Гэтэл Монгол оюутан “чиний ам цангаж байна гэчхээд яагаад чокопае авсан юм бэ” гэтэл “Солонгос зайрмаг байгаагүй юм аа” гэсэн гэдэг. Тэгэхээр яг үүн шиг бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үзэлтэй болох хэрэгтэй.
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр үнэтэй байдаг шүү дээ
Үндэсний үйлдвэрлэл БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бодвол чанартай байдаг.
Хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд үнэтэй материал авдаг. Харин БНХАУ-ын хувьд ажиллах хүч сайтай мөн дотоодоосоо материалаа аван бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг шүү дээ. Монгол улс БНХАУ-тай харьцуулахад ажиллах хүч хомс. Бид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн сацуу ажилчдынхаа нийгмийн даатгал, татварыг төлж хэрэгцээнд нь тохирсон цалинг олгохыг хичээдэг. Энийг манай хэрэглэгчид ойлгож дэмжих чухал санагддаг. Мөн төр засаг оруулж ирж буй бараа материалын татварыг багасгах, хөнгөлөх арга хэмжээ авбал үндэсний үйлдвэрлэл илүү хөгжиж, дэлхийн тавцанд өрсөлдөх боломж нээгдэх байх гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа
Ярилцлагыг үзэх: