Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.13 14:24
4669
Албан тушаалаа урвуулан ашигласан Архангайн удирдлагуудад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр нарт холбогдох гомдлыг шалгаж байгаа юм. 

2018 оны дөрөвдүгээр сард ИТХ хуралдаагүй байхад хуралдсан мэтээр баримт бүрдүүлэн А/369 дугаартай тогтоол гаргаж, Цэнхэр сумын таван га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэгт татах үндэслэл болсон,  

Мөн уг хуурамч тогтоолыг үндэслээд 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-т хандаж Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 01/488 дугаартай албан бичгээр бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлт хүргүүлсэн зэрэг мэдээллийг тус аймгийн иргэд мэдээлж байв. 

Тус аймгийн ИТХ-ын 9 төлөөлөгч нь 2018 оны дөрөвдүгээр сард аймгийн ИТХ хуралдаагүйг баталж, мөн Засаг дарга, ИТХ-ын дарга нар нийлж, сум, аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буйгаа хууль сахиулах байгууллагынханд илэрхийлж байсан юм. 

Тэгвэл Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 22.1 дүгээр зүйлийн 2, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.