Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.11.23 11:30
2099
Монополь ноёрхлоо тогтоосон "ТЭС"-ийн босс Б.Баттөмөрийн орлого 508 сая болж өсжээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан 300 сая төгрөгийн зээл авсан нь төрийн өндөр албан тушаалтнуудын тоог нэмсэн. Тодруулбал, өөрөө 80 хувийг нь эзэмшдэг  "Мондем" ХХК-аараа дамжуулж тус сангаас зээл авсан байдаг.  Тэрбээр 2018 онд ХОМ-тээ  "Мондем" ХХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлж байсан юм. 

Түүнийг "Тэс петролиум"-ын босс гэдгийг олон нийт сайн мэддэг бөгөөд шатахуун түгээх станцуудаараа дамжуулж төрийн тендерийг төвөггүй завшдаг нэгэн.

Тэгвэл Монголдоо монополь ноёрхлоо тогтоосон шатахуун импортлогч УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн /ХОМ/ хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулья. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн өөрийн жилийн орлого 2021 онд 205 сая төгрөг байсан бол 2022 онд 508 сая болж өсжээ. Харин түүний гэр бүлийн орлого 305 саяас 6 сая төгрөг болж буурсан байна.  

Тэрбээр 200 саяар үнэлэгдэх амины орон сууц нэг, нэг зуслангийн байшинтай бол 160 сая төгрөгийн Тoyota, Land Cruiser 200 маркийн нэг автомашинтай. 

9 сая төгрөгийн 15 толгой адуу, 12 саяар үнэлэгдэх газартай, 18 саяын үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. 

Эрхэм гишүүн дотоодын банк санхүүгийн байгууллагад 33 сая төгрөгийн хадгаламжтай бол авлага болон зээлгүй.

"Ойн бирж" ХХК, "Жэй Эм Ойл" ХХК, "Тэс петролиум" ХХК, "Сэлэнгэ Петрол" ХХК, "Жаргалант төв" ХК, "Монгол Эд Импекс" ХК, "Эрдэнэс таван толгой" ХК-д  50,100 хувв хувьцаа эзэмшдэг байна.