Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.11.23 16:39
2972
Төрийн бодлого дор хуйвалдаж, хуулийг хувааж идэх санаархал

Өнгөрсөн лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Хуулийн сайд Б.Энхбаяр танилцуулсан.

Тодруулбал, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтжээ.

Ингэхдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт хэт хөнгөн ял оногдуулдаг буюу 20 сая төгрөгөөр торгоод өнгөрдөг байдал гаарсантай холбон тайлбарлаж буй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Багануурын уурхайн захирал хахууль авсан гэмт хэрэгт 20 сая төгрөгөөр торгох ял ононгдуулсан. 2.7 тэрбум төгрөгийн авлига, албан тушаалын асуудалд холбогдсон хөдөлмөрийн баатар 20 сая төгрөгөөр торгуулсан зэрэг олны анхааралд өртсөн энэ мэт хэргүүд хэдэн тэрбумаар авлига авсан ч хэдхэн саяар торгуулдаг байдал мөн нөлөөлжээ. Түүнчлэн Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласантай ч углуургаараа холбогдож буй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ мэт шүүхийн шийдвэрүүд шүүхэд итгэх итгэл, авлигатай тэмцэх ЗГ-ын бодлогыг саармагжуулах, үнэгүйдүүлэх, авлигачдад ял завшуулах боломж олгож байна” гэж үзжээ. Ийнхүү тухайн шүүх байгуулагдах хүртэл анхан шатны шүүхээр уг хэргийг шийдвэрлэхгүй болж, авлига албан тушаалын эцсийн ял шийтгэлийн бодлогыг Монгол улсын дээд шүүхийн итгэл найдварт тодорхой хугацаагаар өгч, ард түмэнтэй хамт хянаж явах шаардлагатай боллоо хэмээн Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ мөн дурдсан байна. Шүүх байгуулахад 350 тэрбум төгрөг зарцуулагдах бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх юм.

Тэгвэл 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн ЗГ-ын хуралдаанаар буюу жил гаруйн өмнө нүүрсний хулгайн хэрэг сөхөгдөх үед ард иргэдийн шаардлагаар Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж өгсөн байдаг.

Үүнээс авч үзвэл, авлига албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулах нь нэг талаараа авлигачдын эсрэг дорвитой арга хэмжээ авч буй мэт харагдах ч нөгөө талаараа улс төрийн өрсөлдөгчөө намнах асар том технологи ч байж болох юм. Өөр нэгэн аюул нь “хонгилын систем”. 2024 оны сонгууль хаяанд ирсэн энэ үед давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэдэг болж буй нь улс төрийн захиалгаар хэт хурдан, нөлөөнд автсан байдал руу орох вий гэх хардлага ч бий.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингээс ЗГ-ын уг шийдвэртэй холбогдуулан тодруулахад тэрбээр “Улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр буулгаж авах, сонгуулийн цикл дотор улс төрчид нэг нэгнээ хэрэгт тохдог шүүхийн тогтолцоо руу явж байна. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулж болно гэж Үндсэн хуульд заасан. Энэ гурван төрлөөс өөр дагнасан шүүх байгуулахыг хориглосон. Иймийн учир эрх баригчид заль хэрэглэж дагнасан шүүх байгуулах хүртэл гэж байгаад сонгууль хүртэл авлигын хэргийг эрүүгийн давж заалдах шатны шүүх шийднэ гэж шийдсэн байна. Дагнасан шүүх байгууулах нь асуудал их учир сонгууль хүртэл тодорхой онилсон хүмүүсээ шоронд хорихын тулд, өрсөлдөгчдөө амыг нь хамхих далд бодлого хэрэгжүүлж, давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлж, Дээд шүүх дээр бүх эрх мэдлийг төвлөрүүлэн хэргийг богино хугацаанд шийдвэрлэх өөрсдийн эрх мэдлийг зузаатгаж буй явдал гэж харж байна” гэсэн юм.

Товчхондоо, Ерөнхийлөгчийн гарт Дээд шүүхийн алхыг атгуулж дуртай албан тушаалтнаа тэр алхаараа балбах явдал. Үе үеийн Ерөнхийлөгч нар хонгил угсрах энэ санаархлыг гаргаж ирсэн гэдгийг ч тэрбээр хэлж байлаа.

2017 оны судалгаагаар дэлхий дахинд 17 улсад Афганистан, Бангладеш, Индонез, Малайз, Пакистан, Палестин гэх мэт улсад энэ төрлийн шүүх байсан бол 2019 онд нэмж Серби, Шри-Ланка, Зимбабве гэх мэтчилэн 9 улсад авлигын дагнасан шүүх нэмж байгуулагдсан ч үр нөлөө нь авлига буурах биш эсрэгээрээ байсан нь тогтоогджээ.

Бид хэний ямар сайн жишгийг даган дуурайх ёстой вэ гэдгээ ч бодож, эдгээр дээр дурдсан ядуу буурай орны муу туршлагыг дахин давтах нь ямар эрсдэл дагуулж буйг тооцох нь зүйтэй юм.

Энэ бүх зүйлээс эцэст нь Авлигын дагнасан шүүх байгуулснаараа авлигад идэгдсэн манай улс аврагдах уу, аль эсвэл төрийн бодлогыг хоёр нүүрт хоосон үг болгож, хуулийн дор хуйвалдаж хувааж идэх тогтолцоонд улам гүн шилжих үү гэдэг нь харин хачин их анхаарал татна.