Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.11.27 10:56
2307
#ХОМ:Тойргоо усалж, тортой бэлэг тараасан Хассуурийн Ганхуяг 5 тэрбумын АМИНЫ ОРОН СУУЦТАЙ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнгөрсөн амралтын өдөр сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийнхээ иргэдэд бэлэг тарааж тойргоо услаад авчээ. Тэрбээр "Хассуур сан"-аараа дамжуулж ахмадуудад ууттай бэлэг өгсөн бөгөөд энэ нь сонгууль хаяанд ирж, эрхэм гишүүд иргэдээ тойглох ажилдаа ханцуй шамлан орсны илрэл.  

Тэгвэл Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн /ХОМ/-той танилцъя.  

Түүний өөрийн жилийн орлого 2021 онд 92 сая байсан бол 2022 онд 117 сая төгрөг болж өсжээ.

Харин гэр бүлийн орлого 688 сая төгрөгөөс 592 сая болж буурсан байна. 

Түүнчлэн 5 тэрбум 5 саяар үнэлэгдэх хоёр амины орон сууцтай бөгөөд 130 сая төгрөгийн Landrover, RangeRover маркийн нэг автомашинтай. 

Эзэмших 45 саяын гурван газартай, 477 саяын үнэт эдлэлтэй, мал аж ахуй байхгүй хэмээн мэдүүлжээ. 

Тэрбээр дотоодын банк санхүүгийн байгууллагад 28 сая төгрөгийн хадгаламжтай бол бусдаас 676 саяын авлагатай, 252 сая төгрөгийн зээлтэй аж. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг  "Сонголожистик" ХХК, "Даунтаун фейшн" ХХК, "Хера Экуйпмент" ХХК, "Ремикон" ХК, "Ремикон цемент шохой" ХХК, "Мон аяут" ХХК, "Женерал индастриал солюшн" ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, АПУ ХК, "Лэнд Бонд Транч" ХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг байна.