Яармагийн 300 ортой эх нярай, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд 11 дүгээр сарын 23-ны өдөр 22:00 цагийн тариаг андуурч хийсэн байж болзошгүй хэрэг 11-р сарын 24-нд гарсан. Тариа хийлгэсний дараа хүүхдүүдийн биеийн байдал муудан бөөлжиж, таталт өгч, ухаан алдсан зэрэг шинж тэмдгүүд илэрсэн.
Тухайн өдөр эмнэлэг дээр цагдаагийн байгууллага очиж ажилласан. Мөн эмнэлгийн удирдлагууд 20 жил ажиллаж байгаа туршлагатай сувилагч тариаг урьдчилан соруулж бэлтгэсэн нь стандарт зөрчсөн. Тариа хийх гардан үйлдэл алдагдсан байж болзошгүй. Ялангуяа судсаар тариа хийсэн хүүхдүүдэд урвал хүндрэл өгсөн асуудал яригдаж байна. Харин булчинд нь тарьсан хүүхдүүдэд урвал хүндрэл өгөөгүй. Хүүхдүүдийг биеийн байдал тогтворжсон гэдгийг мэдээлж байв.
Тэгвэл тариа хийлгэж сөрөг урвал үзүүлсэн 1 ой 2 сартай нярайн аав Ц.Хашчулуунаас тодруулахад" Одоо ханиад хөнгөрч, биеийн байдал тогтворжиж байгаа хүүхдүүдийг эмнэлгээс гаргана гэсэн. Шаардлагатай бол гэрээр ирж үзнэ гэдгээ илэрхийлсэн. Хүүхдийг маань 18 нас хүртэл энэ эмнэлэг хяналтдаа байлгана гэдгээ илэрхийлж тамга тэмдэгтэй карт нээж өгсөн. Одоогоор хүүхдийн биеийн байдал хэвийн болсон" гэв.
Холбогдох албан байгууллагуудын хяналт, шалгалтын дүгнэлт ямар гарсан талаар эргэн мэдээллэх болно.