Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2023.11.28 15:34
2340
Австрали улс ирэх оны нэгдүгээр сараас эхлэн электрон тамхи импортлохыг хориглоно

Австрали улс насанд хүрээгүй хүүхдийн никотины донтолтыг зогсоохын тулд 2024 оны нэгдүгээр сараас эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглохоо мэдэгдлээ. Мөн үүнтэй холбоотойгоор тус улсад нэг удаагийн электрон тамхи үйлдвэрлэх, сурталчлах, нийлүүлэхийг зогсоох шинэ хуулийн төсөл өргөн барих болон олон нийтэд танилцуулах тухайгаа мэдээлжээ.

Электрон тамхийг хэрэглэснээр тамхинаас гарах боломжтой хэмээн сурталчлагдан зах зээлд гарч ирсэн нь “шинэ үеийн никотины хамаарал” бий болгосон хэмээн Австрали улсын эрүүл мэндийн сайд дурджээ.

2021 оноос хойш Австралийн иргэн эмчийн жоргүйгээр нэг удаагийн электрон тамхи, никотин агуулсан тамхи худалдан авах, импортлох нь хууль бус байсан хэдий ч никотины донтолтын түвшин огцом нэмэгдсээр, улмаар насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд электрон тамхи, никотин агуулсан тамхи худалдан авах үзэгдэл нэмэгджээ.

Энэ оны эхээр Сиднейн их сургуулиас хийсэн судалгаагаар 14-17 насны өсвөр насныхны дөрвөн хүүхэд тутмын нэг нь тамхи татдаг гэсэн бол Австралийн Хавдар судлалын төвөөс явуулсан судалгаагаар өсвөр насны арван хүүхэд тутмын ес нь электрон тамхи, никотин агуулсан тамхийг олж авахад амархан гэж хариулжээ.

Энэхүү хоригийг удирдаж буй холбооны эрүүл мэндийн сайд Марк Батлер хэлэхдээ, нэг удаагийн тамхины импортыг 1-р сарын 1-ээс эхлэн хориглож, 3-р сар гэхэд дахин дүүргэж ашиглаж болох мөн эмчилгээний бус электрон тамхийг тус улсад оруулахыг хориглоно гэжээ.

Харин эмчилгээний зориулалттай электрон тамхи нийлүүлдэг импортлогчид болон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ амт, никотины хэмжээ, сав баглаа боодолтой холбоотой засгийн газрын зохицуулалтыг дагаж мөрдөхөөр заажээ.

Эх сурвалж: BBC