Б.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2023.11.29 11:07
3032
"Манай хүү бурхан болчихлоо" гэж хуурамч мэдээлэл оруулж олон сая төгрөг залилжээ

"Гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмчилгээний зардалд хандив өргөнө үү" гэх агуулгатай зар цахим хуудаст олноор нийтлэгдэх болсон. Мөн осолд орсон, түлэгдсэн, тэр бүү хэл хүүхэд маань бурхан болчихлоо гэх учир, шалтгаантай хандив хүссэн пост ч түгээмэл болжээ. Гэвч зар бүхэн үнэн биш. Зарын цаана өвдсөн, зовсон нэгэн биш зальт этгээд сууж байж болох юм.

Нэг жишээ дурдахад иргэн А өөрийн цахим хуудаснаа “Манай хүү бурхан болчихлоо. Сайхан сэтгэлт ард түмэн минь хандивын гараа сунгаач” гэх мэдээлэл оруулжээ.

Гэтэл энэ нь худал, зохиомол мэдээлэл бөгөөд тэр энэ арга, залиар нэг сарын хугацаанд олон иргэнээс олон сая төгрөг залилжээ. Энэ мэтчилэн ядарсан, өвдсөн хүмүүсийн нэр барин хуурамч хандив гуйгчид олширсон. Хандив, тусламжийн залиланг зохиомол байдлыг зориудаар бий болгож, олны сайхан сэтгэл, сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдэх нь олон.

Залилангийн гэмт хэргийн хувь ингэж өсөхөд хуурамч цахим хаяг ашиглан "Хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэнэ" гэх нэрийдлээр иргэдээс хандив тусламж гуйсан зохиомол нөхцөл голлон нөлөөлжээ.

Тодруулбал зөвхөн энэ төрлийн аргаар үйлдэгдсэн нь залилангийн гэмт хэргийн 20.8 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Ядарсан, зовсон нэгэндээ туслах, дэмжих нь Монголчуудын зан байдлын онцлог. Гэнэн, итгэмтгий зан, өрөвч, нинжин сэтгэлээр зарын үнэн бодит эсэхэд төдийлөн ач холбогдол өгөлгүй, мэдээллийн үнэн зөвийг нягтлалгүй 5-100 мянган төгрөгийг юм бодолгүй шилжүүлж орхидог.

Хуурамч цахим хаяг ашиглан гэмт хэрэг үйлддэг залилагчид цахим орчинд өөрөө нэвтэрч, мэдээлэл олж авч, уншиж чадахгүй бага насны хүүхдийн өрөвдөлтэй, бусдын сэтгэлийг шимшрүүлсэн хуурамч зураг дүрслэлийг зохиомлоор бий болгодог. Нялх хүүхдийн зураг олон нийтийн сэтгэлийг илүүтэй шимшрүүлж, хүндээр тусаж, тусламжийн гараа сунгахаас аргагүй байдалд хүргэдэг. Мөн өөр нэг тодотгох зүйл нь залилан, мэхлэх гэмт хэргийг ихэвчлэн эмэгтэй хүмүүс үйлдэж байна. Учир нь эмэгтэй хүнийг зөв, зөөлөн гэдэг утгаар нь илүү их итгэл хүлээлгэдэг нийгмийн уламжлалт хандлага нөлөөлж болзошгүй.

Бид хандивын үйл ажиллагааг гаднын байгууллагууд шиг хөгжүүлэх цаг болжээ. Олон улсын туршлагаас харахад хандив, тусламж хүссэн хүмүүсийн нэгдсэн хуудас болон буяны санг ажиллуулдаг. Үнэхээр тусламж хэрэгтэй хүмүүс түүнийг Цахим харилцаа хөгжлийн яаманд өөрсдийн мэдээллийг үнэн бодитойгоор анкет өгч бүртгүүлж, ашиглах боломж нь нээлттэй байдаг аж.  Улмаар зарцуулалтын тайланг эргэж олон нийтэд мэдээлдэг, мэдэгддэг байна.

Зовж зүдэрсэн нэгэндээ хандив өгөхийг буруутгах гэсэнгүй ээ. Гэхдээ та мөнгийг зүгээр сууж байгаад биш хөдөлмөрлөж олдог. Гэтэл таны хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө илүүчлэн өвдсөн, зовсон нэгэнд тусалж байна хэмээн шилжүүлсэн хандив залилагч этгээдийн дансанд орж байвал хайран шүү дээ. Тиймээс хандив өргөхөөсөө урьтаад хэнд, яагаад, энэ үнэн үү гэж эргэцүүлж, ядаж л пост оруулсан цахим хаяг эзэнтэй, байнгын идэвхтэй, өмнө нь ямар мэдээлэл нийтэлж, түгээж байсан зэрэг түүхийг нягтлаад нэг үзээрэй. Таны хандив буух эзэнтэй, буцах хаягтай байх ёстой шүү.

Өвдсөн бүхэн өрөвдөлтэй биш. "Арай үгүй байлгүй дээ" гэлгүй дэлгэцийн цаана "цагаандаа" гарсан, юу ч хийхээс сийхгүй залилагч сууж байхыг үгүйсгэхгүй тул хандив, тусламж гуйдаг шинэ төрлийн залилах гэмт хэргүүдийн талаар ойлгож, мэдээрэй.

Эх сурвалж: ЦЕГ