Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Соёл урлаг
2023.11.29 16:00
14919
Б.Чинбат: Аав минь "Сэтгэлийн гуйлга" дууг сонсоод эцсийн хүчээ шавхан эрхий хуруугаа гозойлгосон

Жаргал, зовлон ээлжлэн ирэх энэхэн орчлонд амьдралын шорвог хийгээд чихэрлэг амтыг хослуулан амталж яваа ард түмний хайртай олон сайхан хөг аялгуу, айзам эгшгийг зүрх сэтгэлээсээ ургуулсан МУУГЗ, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбаттай ярилцлаа.

- Юуны өмнө урлагийн гараагаа эхэлж байсан дурсамжаар ярилцлагаа эхэлье?
- Би багаасаа аав ээжийгээ дагаад Дуурь бүжгийн эрдмийн театрт өнждөг, дуулах дуртай хүүхэд байсан. Миний аав ард түмний хайртай олон сайхан хөгжмийг эгшиглүүлсэн Улсын уралдааны тэргүүн шагналт, МУГЖ С.Батмөнх гэж хүн байлаа. Харин ээж маань Үндэсний хөгжмийн Улсынуралдааны тэргүүн шагналт, СТА шанзчинА.Цэрэндулам гэж хүн бий. Энэ хүмүүсийг дагаад л урлагт хөл тавьсан.
Би наймдугаар ангидаа “Ая зохиогч хүүхдүүдийн улсын уралдаан”-д түрүүлээд Япон руу аялах эрхээр шагнуулж билээ.
Тэгээд Японд очоод хүслээ шивнэдэг модонд “Би мундаг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч болно” хэмээн бичиж байсан.
Хүслийг минь сонссон юм байлгүй ямартай ч зорилгодоо хүрсэн юм.  /Инээв/
- Хөгжим тоглохыг тань харахад та их сэтгэл хөдлөлтэй хүн шиг санагддаг. Тэр их эмоци хаанаас гараад байна?
- Тиймээ. Би сэтгэл хөдлөл өндөртэй хүн. Хөгжмийн зохиолчид оргүй хоосноос хөгжмийг  төрүүлж байгаа гээд бодохоор сонин шүү. Төгөлдөр хуур тоглож байхад сэтгэлийн дэлбэрэлт гэх үү тэр их эмоци тэрхэн агшинд цаанаасаа л урган гардаг. Цаанаасаа л огшоод байдаг юм.
- Таныг олон тайзнаас харж байлаа. Би чадлаагэдэг бодлыг хамгийн анх авч байсан тайз аль нь байв ?
- АНУ-д ажиллаж байгаад ирэхдээ Монголын минь тайз ямар гайхамшигтай юм бэ гэдгийг мэдэрсэн.
Гадаадад олон гайхамшигтай тайзан дээр гарч байсан ч эх орны минь тайзыг гүйцэхгүй юм билээ.
Монголчууд намайг үзэж байгаа, Монгол нүд намайг харж байгаа гэхээр цаанаасаа л огшоод байдаг. Үзэгчдээс хайр мэдэрдэг.
- Таны аав ээжтэйгэй хамтран хийсэн тоглолт олон хүний сэтгэлд хүрсэн сайхан тоглолт болсон санагдаж байна?
- Тэгэлгүй яахав. Үнэхээр мартагдашгүй тоглолт болсон. Миний аавын “Аялгуу” гэж хөгжим бий.
Аав минь хэдий тэнгэрийн оронд байгаа ч аавыгаа арын дүрсэнд өгөөд ээжтэйгээ хамт бид гурав нэг тайзан дээр оршсон юм.
Таны хэлдгээр хүн бүр уйлсан. Тэр тоглолтыг бүтээлцсэн хүмүүст үргэлж талархаж явдаг.
- Нулимстай гарсан уран бүтээл хэр олон байдаг вэ?

      - “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” гэж зохиол бий. Одоо Төрийн их найрал тоглодог. Тэр хөгжмөөр би бүх тоглолтоо дуусгана гэдгээ зарласан.

- Аавынх нь бие муу байхад “Сэтгэлийн гуйлга” дуугаа гаргаж байсан. Аавдаа дуугаа сонсгох мэдрэмж ямар байсан бэ?

Аавыгаа нөгөө ертөнцөд үдэж байгаа хүүгийн битгий яваач гэсэн хүслээ илэрхийлсэн дуу л даа.

Тухайн үед би АНУ-д байсан. Ш.Гүррбазар ах руу яриад “Хүү нь аавыгаа алдах нь ээ, та нэг шүлэг бичээч” гэсэн хүсэлт тавьсан. Ш.Гүрбазар ах маань миний түүхийг мэддэг аавыг минь сайн таньдаг.  Аав хүү хоёрын сэтгэлийн уялдааг маш сайн мэддэг учир яг л миний сэтгэлийг бичсэн.

Дуугаа дуулж өгөхөд аав маань ухаан алдчихсан, өөрийгөө илэрхийлэх боломжгүй байсан. Тэгсэн ч аав минь хамаг хүчээ шавхан эрхий хуруугаа гозойлгосон юм.

 Тэр бол эцэг хүнээс гарах хамгийн сүүлийн хүч байсан гэж боддог юм. Бүх хүн уйлсан. Аав минь тийм хүнд байсан мөртлөө ямар их хүч гаргаж эрхий хуруугаа гозойлгосон гэж санана. Зүрх рүү зүсэх шиг л болсон. Хүн хүнээсээ хагацна гэдэг хамгийн хэцүү.

- Аавдаа хайртай гэдэг үгийг олон хэлж байв уу?

Бид тэр бүр аав, ээждээ хайртай гэдгээ хэлж чаддаггүй. Яг аавыгаа өвчтэй болсныг мэдээд өдөр бүр “Ааваа би таньд хайртай шүү л гээд хэлээд байсан. Эцсийн мөчид нь Ааваа та сайн яваарай гэж хэлсэн.  

Аав, ээждээ хайртай гэдэг үгийг харамгүй хэлж байгаарай гэж залуучууддаа захимаар байна.

- Таны хувьд 2020 онд хүндхэн цаг хугацааг өнгөрүүлсэн. Үхэл, амьдралын зааг дээр очоод ирсэн гэхэд хилсдэхгүй. Яг хагалгааны орон дээр хэвтэж байхад юу бодогдож байсан бэ?

Би яг тэр мөчид “Хүн хүндээ л хайртай байх ёстой юм байна. Хүнд муу юм хиймээргүй юм байна гэж бодож байсан. Хүн зөвхөн хайраар л ургадаг юм билээ. Ганцхан хайр...

Хүмүүсийн хэлдгээр там гэх үү, нөгөө ертөнц гэх үү тэр газрыг бол мэдэрчихээд л ирсэн дээ.

Гэхдээ би өөрийгөө их ховор хувь заяатай хүн гэж боддог. Тэр ховор хувь заяанд магадгүй энэ аялгуунууд төрж гардаг байх. Түүндээ хөглөгдөж миний зүрхнээс, тархинаас, огторгуйгаас илгээж байгаа хөгжмийг амилуулдаг.

- Хамгийн их огших мэдрэмжийг та хэзээ авч байсан бэ?

Амьдралд огших мэдрэмж зөндөө бий. Гэхдээ надад элгээ өгсөн ханиа эргээд бодох дэндүү хэцүү юм билээ.

Би ханийнхаа элгийг авсандаа эвлэрч чадахгүй байсан. Хагалгааны дараа ээж орж ирээд Ц.Сарнай гэж хэлэхэд л “надад битгий С үсэг хэлээч гэж ээжээсээ гуйж билээ. Гэргийгээ өрөвдөх, хайрлах, гэмших мэдрэмжээсээ сарын хугацаанд гарч чадаагүй.

Миний хань бол гайхамшигтай эмэгтэй. Надад дахин амьдрал бэлэглэсэн ачтан.  

- Дэлхийн тайзан дээр хөгжмөө эгшиглүүлэх мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
- Би нэг удаа аялж явахдаа HOLLYWOOD уул руу хараад “Би энд том одтой хамт хөгжим тоглохсон. Уул аа ” гээд нэг л их сүжигтэй амьтан ярьж байсан. Үнэхээр тэр уул миний хүслийг сонссон юм болов уу Арита Франклин гэдэг гайхалтай хүнтэй хамтарч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын хөгжмийг тоглож байсан.
АНУ-д миний карьер цаашаа явах байсан. Гэхдээ яагаад ч юм эх орон руугаа буцмаар санагдаад, цаанаасаа л нэг юм хэлээд байсан.
Чи Монгол руугаа буц, эх орондоо оч, хөгжмөө зохио, тогло, эх орондоо бай гээд байсан. Энэ нь явж явж миний амийг аварсан.
Тиймдээ ч эх орондоо ирээд хайртай хүмүүстэйгээ уран бүтээлээ хийгээд явж байгаадаа баяртай байна.
- Уран бүтээлч хүн үргэлж л шинэ уран бүтээл туурвиж, үзэгч сонсогчиддоо бэлэг барьж байдаг. Хамгийн сүүлийн уран бүтээлийнхээ талаар хуваалцаач?
- Энэ хэмнэл маш олон жил зүрх сэтгэлд минь эгшиглээд л байсан. Ж.Чулуун гуайн вальсаас хойш вальсийн хөг ая гараагүй юм шиг санагдсан.

Тиймээс шинэ уран бүтээл болох “Цасан вальс”-ийг монголчууд бүчээд аваасай, сэтгэл зүрхнээсээ сонсож баясаасай, бүжиглээсэй, даган дуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Ялангуяа дунд нь эгшиглэж буй хэсгийг монголчууд маань дагаж дуулаасай.
 Тэр хэсэгт бол үг байхгүй. Зүгээр л “аа аа ааа” гэсэн авиагаар л дуулна. Яг энэ хэсэгт оргилуун дарс буудуулаад, бүгд даган дуулаад, цасан вальсийн хэмнэлд бүжээсэй.
Цасан вальс” дуугаа найруулагч Н.Наранбаатар найздаа сонсготол “Энэ хөгжмийн хамгийн гол хэсэг нь дунд явж байгаа бүгдээрээ түрэн дуулж байгаа хэсэг байна. Энэ хэсгийг “Хүн төрөлхтний төрсөн өдөргэж нэрлэе найзаа” хэмээн хэлсэн.
Надад маш гоё санагдаж, урам авсан. Нээрээ л шинэ оноо угтаж авах гэж буй хүн бүрийн төрсөн өдөр шүү дээ. Тиймээс  та бүхэндээ цасан вальсаараа бэлэг барьж байна. Шинэ жилийн орой хүн бүр гэр бүлээрээ “Цасан вальс”-ийн хэмнэлд баясаж, аз жаргал, инээд хөөрөөр бялхаж байгаасай гэж хүсье.

       -Ярилцсанд баярлалаа танд амжилт хүсье

       - Баярлалаа.