Нийгэм
2023.11.29 19:10
2323
Дотоодын нарийн ногооны хэрэгцээг бүрэн хангаж импортыг орлох зорилт тавин ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрүүдэд ажиллаж байна.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах "Төгс ургац" ХХК-ийн Голланд загварын бүрэн автомат өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Анх 18000мкв талбайтайгаар 2016 онд байгуулагдаж байсан тус хүлэмж өнөөдөр 32200 мкв талбайтай болж өргөжжээ.

Энэхүү хүлэмж нь халаалт, усалгаа, бордоо, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн технологийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд жилийн дөрвөн улирлын турш өргөст хэмх, улаан лооль болон бусад нарийн ногоо тариалж байна. Өнөөдрийн байдлаар дотоодын өргөст хэмхний 30 хувийг дангаар хангадаг ажээ.

"Манай улсын хувьд зун, намар, хавартаа нарийн ногоогоо асуудалгүй тариалж ирсэн. Харин өвөл ямар нэг байдлаар газар тариалан эрхлэхэд хэцүү учраас нарийн ногооны нийлүүлэлт буурч, үнэ нэмэгддэг. Төгс ургац" компанийн хувьд өдөр бүр эрүүл, шинэ хүнсний ногоог монголчууддаа хүргэх эрхэм зорилгоор 2016 онд Дөрвөн улирлын бүрэн автомат хүлэмжээ ашиглалтад оруулсан. Байгуулагдсан цагаас хойш өдөр бүр шинэ эрүүл монгол ургацыг нийлүүлж байна."Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн, мөн компанийн тэргүүн зорилтын хүрээнд хүлэмжийн байгууламжаа өргөтгөх ажил хийгдэж байна. Ингэснээр 2025 он гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 4 дахин нэмэгдүүлж, "Төгс Ургац" компани дотоодынхоо огурцы, бусад нарийн ногооны хэрэгцээг бүрэн хангаж, импортыг 100 хувь орлох боломжтой болно" хэмээн Ерөнхий захирал П.Буянтөгс уулзалтын үеэр онцоллоо.