Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
Томуугийн өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор бүх эмнэлгийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авах 815 ор байдаг. Томуугийн идэвхжилийн үед 1450 ор болгон нэмэгдүүлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар 575 орыг ЭМЯ-ны харьяа байгууллагуудад дэлгэх боломж бий.
Өөрөөр хэлбэл, нэмэлтээр 2000 орчим ор дэлгэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 1110 ор дэлгээд байна. Эмнэлгүүдээс ирж буй мэдээллээр энэ жилийн томуу, томуу төст өвчний онцлог нь эдгэрэлт харьцангуй удаан. Үүнтэй холбоотойгоор орны эргэлт удааширч байгаа. Тодруулбал, хүүхдүүдийг 10 хүртэлх хоногоор хэвтэн эмчлүүлэх шаардлага үүсээд буй. Иймээс ирэх долоо хоногоос өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллан, амралтын өдрүүдэд ч амбулаторийн үзлэг хийх зохион байгуулалт руу шилжиж байна гэлээ.