Нийгэм
2023.12.05 16:16
1459
Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв

Монгол Улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд боллоо.

Хүн амын хүнсний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн эзэд болсон үе үеийн малын эмч, мал зүйч, зоо техникч нар чуулж, Монгол улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй мал үржлийн алба бие даан үүсэж, мэргэжлийн байгууллага болон хөгжсөний түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хуралд оролцогчдод уншиж сонордууллаа. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арга хэмжээг нээж үг хэллээ.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд, ХХААХҮЯ, аймгийн удирдагууд, сумдын мал эмнэлэг, үржлийн албаны салбарт ажиллаж байсан үе үеийн ажилтан, албан хаагчид оролцлоо.

Ардын Засгийн газрын шийдвэрээр 1923 оны 4 дүгээр сард Сангийн яамны дэргэд "Мал эмнэлгийн хэлтэс", улмаар мөн оны 8 дугаар сард "Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар" байгуулагдсанаар манай оронд орчин цагийн шинжлэх ухааны мал эмнэлгийн түүх эхэлсэн байдаг. Мал эмнэлгийн салбарын эрдэмтэн, судлаачид, малын эмч нарын уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд 1950-иад онд үхрийн мялзан, ямааны годрон, 1960-аад онд үхрийн цээж, хонь, ямааны цэцэг өвчнийг устгаж, шүлхий, боом, галзуу болон паразиттах өвчний гаралтыг ихээхэн багасгажээ.

Монгол улсын мал эмнэлгийн тогтолцоог Олон улсын жишигт нийцүүлэн оновчтой болгох, малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тэмцэх арга хэмжээг чанаржуулах талаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас 2010, 2012, 2015,2019 онуудад өгч байсан зөвлөмж, дүгнэлтүүд өгч байсан. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх гол салбар бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь жилээс жилд тогтвортой өсөн нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 13.0 хувийг, экспортын орлогын 6.0 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 50 гаруй хувь нь энэ салбарт ажиллаж байна.

Түүхэн 100 жилийн хугацаанд тус салбараас Гавьяат цолтон 5, Төрийн дээд шагналаар 400 гаруй малын эмч, мал зүйч нар шагнагдаж байжээ. Баярын хурлын үеэр салбарынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулаан өөрийн оюун ухаан, хичээл зүтгэлээ зориулан ажиллаж байгаа албан хаагчдад Төрийн дээд одон, медаль гардуулан өглөө.