Нийгэм
2023.12.06 17:17
1522
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "УРГАЦЫН БАЯР" хүндэтгэлийн арга хэмээнд оролцож, үг хэллээ

Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Эрхэм хүндэт нөхөд өө,

Эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч орон болох их үйл хэргийн төлөө оюун ухаан, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй эрхэм хүндэт Та бүхэндээ өрнүүн хөдөлмөрийн үр шим, өгөөж баян Ургацын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд "Эрүүл монгол хүн", "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал" гэсэн харилцан уялдаа, холбоотой үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан улс орон даяар хэрэгжүүлж байна.

Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой юм. Хөрс эрүүл байвал хүнс эрүүл байна. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэг суурь баталгаа бол хүн ардын хүнсний хангамж, аюулгүй байдал юм.

Тиймээс "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ"-ын хүрээнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар Монгол Улс бүс нутагтаа хүнс экспортлогч улс болох зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг УИХ, Засгийн газар дэмжин, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоол гаргаж, Засгийн газар энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Уг тогтоолын хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэхэд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс эхлүүлээд 99 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн, идэвхтэй ажиллаж байгаад талархалтай байна.

Тухайлбал, тус хөдөлгөөний хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан, 5-6 хувийн хүүтэй нийт 982 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд олгохоор шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 1857 аж ахуйн нэгж болон иргэнд нийт 675 орчим тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Мөн экспортын нөөц боломж өндөртэй хүнс, хөдөө аж ахуйн нийт 19 төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлээд байна.

Үүний үр дүнд "Хүнсний хувьсгал"-ийг гардан гүйцэтгэж буй малчид, тариаланчид, ногоочид, баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, зохих амжилтад хүрч байна. Мөн манай баялаг бүтээгчдийн маань нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, санал санаачилга амжилтын үндэс болж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тухайлбал, хүнсний салбарт он гарсаар олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх 2, мах боловсруулах 2, бяслаг үйлдвэрлэх 7 буюу нийт 11 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна.

Мөн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ил талбайн хүнсний ногоо 30 хувиар, хүлэмжийн ногоо 27 хувиар, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12 хувиар, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6 орчим хувиар тус тус нэмэгдэх тайлан мэдээ гарч байна. Ялангуяа жимс жимсгэнэ, хүнсний ногооны нэр төрөл нэмэгдэж, түүхэндээ хамгийн өндөр хэмжээний ургац хураан авч, хүнсний ногооны дотоодын хангамж энэ оны эцэс гэхэд 85 хувь хүртэл нэмэгдэхээр байна.

Түүнчлэн сонгино, саримс, лууван болон өндөгний дотоодын хангамж 2023 онд 3-12 хувиар өсөх тооцоо гарчээ. Мөн 2023 оны эхний 11 сарын байдлаар махны экспорт эрс нэмэгдэж, 277 сая ам.долларын экспортын орлого оллоо. Үүний зэрэгцээ манай улсын хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурсан сайхан үзүүлэлт гарлаа. Өөрөөр хэлбэл 1 тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан манай улс энэ жил 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээх боломжийг бүрдүүллээ.

Дээр дурдсан олон эерэг, нааштай үзүүлэлтүүд нь манай төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүн, баялаг бүтээгчдийн маань өрнүүн хөдөлмөр, их ажлын үр шим юм.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын хангамж ийнхүү нэмэгдэж байгаа хэдий ч цаашид бид уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, үрийн чанар, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн чанар, стандарт зэрэг олон асуудлуудад онцгой анхаарч, ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ,

"Хүнсний хувьсгал" хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч нийт 55 хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, газар тариалангийн бүс нутгуудаар явж, мөн Хөдөө аж ахуйн их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон лабораториудад ажиллалаа.

Энэ үеэр манай хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, эрдэмтэн судлаачдын зүгээс тавьсан санал хүсэлтийг багцлан үзвэл хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг шинжлэх ухаанчаар тодорхойлох, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох, хүнсний худалдаа борлуулалтын оновчтой сүлжээ, тогтолцоог бий болгох, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон тулгамдсан асуудлуудыг хөндөж байлаа.

Тиймээс УИХ, Засгийн газар, холбогдох байгууллагууд дээрх санал хүсэлтийг нарийвчлан судалж, зохих арга хэмжээг авч, шуурхай ажиллахын зэрэгцээ "Хүнсний хувьсгал"-ыг амжилттай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил дараах асуудлуудад анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

Эн тэргүүнд төсөв, хөрөнгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн зөв зарцуулах, зээл санхүүжилт, татвар, даатгал зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг оновчтой, хүртээмжтэй ашиглах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Мөн хөдөө аж ахуйн салбарын 90 орчим хувийг бүрдүүлдэг уламжлалт мал аж ахуйн салбараа улам боловсронгуй болгон, нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, малын ашиг шимийг бүрэн гүйцэд ашиглах, улмаар малчдын орлого, амьжиргааг сайжруулах явдал нь "Хүнсний хувьсгал"-ын амин чухал зорилтын нэг билээ.

Энэ хүрээнд малчдын залгамж халааг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах, нэгдэж хоршиж ажиллах, малын үүлдэр угсааг сайжруулах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэг олон асуудлуудад анхаарал хандуулж, тодорхой үр дүн гаргах хэрэгтэй байна. Ялангуяа, ирэх 2024 онд малын вакцинжуулалт, био-бэлдмэлийн үйлдвэрлэлд онцгой анхаарч, Монгол Улс малын өвчингүй эрүүл бүс болох зорилтод бодит ахиц дэвшил гаргах шаардлагатай байна.

Тиймээс цаашид Та бид цөлжилт, шороон шуурганы эрсдэлийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, хүнс, хөдөө аж ахуйн кластер, цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, тээвэр логистикийн оновчтой сүлжээг бий болгох, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, шинэ техник технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэгт төр, хувийн хэвшлийн бодлого, үйл ажиллагааг нэгтгэн, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд "Агро-ойн аж ахуй", суулгац үржүүлгийн төв, жимс, жимсгэнэ болон үрийн аж ахуйг хөгжүүлэх, олон тарималт сэлгээ болон ээлжлэн тариалалтын техник, технологийн шинэчлэлийг хийж, хөрсний доройтлыг бууруулахад онцгой анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар стандартын асуудлыг шат шатандаа онцгой анхаарч, хүнсний аюулгүй байдлын хяналтыг чангатгах нь чухал байна. Дээрх зорилтуудыг төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлээр хамтран хэрэгжүүлснээр ард иргэдээ гарал үүсэл нь тодорхой чанартай, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдралын чанар дээшилж, улмаар манай улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ.

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болох эрхэм зорилгод төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, эх оронч сэтгэлээр хамтран зүтгэж, "Хүнсний хувьсгал"-ыг амжилттай хийцгээе! Энэ дашрамд өнөөдөр хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэлээ төр засаг, ард түмэндээ үнэлүүлж, төрийн дээд цол, одон медалиар шагнагдсан эрхэм хүндэт нөхдөдөө чин сэтгэлийн талархал дэвшүүлж, баяр хүргэе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.