МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны нийслэл, дүүргийн бүсийн чуулган эхэллээ. Тус холбооноос хүн бүрд ээлтэй нийгмийг цогцлоох үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг идэвхжүүлэх зорилгоор бүсийн чуулганыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Үүний дагуу өнгөрсөн хугацаанд Хангайн болон Говийн бүсийн эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулсан. Энэ удаад нийслэлийн есөн дүүргийн эмэгтэйчүүд ийнхүү чуулж байна.
СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг шинэ шатанд гаргах нь зүйтэй гэдэгт тал бүрт санал нэгдсэн чухал цаг үед бид чуулганаа зохион байгуулж байна. Хөгжил хүн бүрд ээлтэй байх ёстой. Ээлтэй хөгжлийн бодлого гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо чухал” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан чуулганд оролцож, үг хэлэв. Тэрбээр “МАН 30 дахь Их хурлаараа социал демократ үзэл баримтлалтай нам болохоо тодотгосон. Энэ ч утгаараа бид жендэрийн тэгш эрхийг хангасан улс төрийн хүчин байхаа зарласан билээ. Үүний дагуу Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын ерөнхий хуульд эмэгтэйчүүдийн эрх, амьдралын чанарыг сайжруулах тухайд олон чухал заалтыг тусгасан. Мөн Сонгуулийн тухай хуульд 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 30, 2028 онд 40 хувь нь эмэгтэйчүүд байх эрх зүйн шинэчлэлийн түүхэн шийдвэрийг гаргасан. Мөн сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийг хүйсийн хувьд 1:1 байх буюу эрэгтэй, эмэгтэй гэсэн хувилбараар нэр дэвшүүлэхээр болсон нь Азидаа анхдагч шийдвэр болсон. Монгол Ардын Нам дарга байхын тулд ялдаг цаг үеийг халах ёстой. Монгол Ардын Нам ард түмнийхээ нэг хэсэг нь байж чаддаг, тэднийхээ амьдралын зовлон бэрхшээлийг хуваалцаж чаддаг, тэр асуудлыг нь шийдвэрлэж чаддаг улс төрийн нам байхын төлөө бид хичээх ёстой. Энэ өөрчлөлтийг авчирч чадвал Монгол Улс хөгжинө” гэдгийг тодотголоо.
Нийслэлийн СДМЭХ-ны дарга Б.Саранчимэг болон холбооны Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл чуулганд оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
СДМЭХ нь 21 аймаг, есөн дүүрэгт салбар холбоодтой, 98 мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Нийт гишүүдийн 40 гаруй мянга нь нийслэл улаанбаатар хотын есөн дүүрэгт амьдардаг байна. Тэдэнд зориулсан нийслэл, дүүргийн бүсийн чуулганд 600 гаруй эмэгтэйчүүд оролцож байна.